УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэллэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Манай улсын орлогыг гол бүрдүүлдэг нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурсан.
Нийт экспортын орлого 17 хувиар, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16 хувиар буурсан байгаа. Түүхий эдийн үнэ буурсны улмаас үүссэн нөхцөл байдал 2025-2026 онд дамжин үргэлжилнэ гэж төлөвлөгөөнд тусгаж оруулсан. Тэгсэн мөртлөө орж ирж байгаа төлөвлөгөө болон төсөв нь энэ статистикаа үгүйсгэсэн байдлаар орж ирж байна. Эдийн засаг, хөгжлийн яамнаас асуухад, шинжлэх ухаан, инновацийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ, одоогийн ДНБ-ийг 0.5 хувьд байлгана гэж байгаа. Угаасаа статистикийг нь харахад бараг дунджаар 0.5 хувийн зарцуулалт хийж байгаа. Боловсролын яаманд их, дээд сургууль нь харьяалагддаг мөртлөө Эдийн засаг, хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний байгууллага мөн гэсэн чиглэлээ баталгаажуулаад байдаг. Мэдлэг бүтээж байгаа газар нь өөрөө хөрөнгө оруулалт хийж, судалгаа хөгжүүлэлтийн ажлаа хийдэггүй юм уу? Одоогоор мэдлэг хөгжүүлсэн мэдээлэл дата гараагүй. Зардлыг харвал 2024 онд 76 тэрбум орчим төгрөг зарцуулснаас 82 хувь нь урсгал зардал. Гол инноваци технолои хөгжүүлэхдээ төсвөө зарцуулахгүй хэдэн нөхөр цалин аваад суугаад байгаа юм биш үү. Чадалтай залуус гадагшаа гараад явчихсан, чадвартай судлаач орж ирэхгүй байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан:
-Төсвийн хүрээний мэдэгдэл бол төсвийн зарлагын нийт дээд хэмжээг баталж өгдөг. Тэрнээс биш салбар салбараар нь болон урсгал зардал энэ тэр гэж задалж баталдаггүй. Тэгэхээр үүний дараа хэлэлцэх жилийн төлөвлөгөө хэлэлцэх үеэр хариулах боломжтой.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Төсвийн хүрээний мэдэгдэл чинь төсвийн тогтвортой байдлыг хангах үзүүлэлтийг ярьж байгаа. Жишээ нь, зардал гэхэд хөрөнгө оруулалтын шинэ боломж хэд байгаа вэ гэдэг дүнгээ тавьж, төсвийн зардал нь ДНБ-ий хэдэн хувь байна гээд тавьчихсан. Өөрөөр хэлбэл, 9-10 үзүүлэлтийн хүрээнд төсвийн хүрээг баталдаг. Тэрийг л бид хэлэлцэж байна. Нарийвчилсан хөрөнгө оруулалт нэг бүрээр ярьсан зүйл байхгүй. Харин нүүрсний үнийг 75-80 ам.доллар гэж авсан юм билээ. Одоогийн байдлаар ийм үнэтэй байгаа. Эхний улирлын гүйцэтгэлээр экспортын орлого 1.3 тэрбум ам.доллараар буурсан. Засгийн газар алт, зэсээрээ нөхсөн гэж хариулж байгаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Зарчмын хувьд нэг л зүйл рүү чиглэж байгаа. Би тогтолцоо яриад байна. Нийт төсвийн 80 гаруй хувь нь урсгал зардал руу яваад, гол хөгжүүлэх ёстой инноваци хөгжүүлэлтэд мөнгө хөрөнгө алга. Ийм байдалтай байх юм бол цалин тавиад хэдэн хүн суулгаад байх шаардлага байгаа юм уу гэж асууж байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Дараагийн хөрөнгө оруулалтын асуудал яригдахаар ярина. Тогтолцооны хувьд буруу байгаа нь үнэн байх. Шинжлэх ухаан технологиор дамжуулаад хэдэн эрдэмтэд цалинжаад суугаа асуудал байгаа. Сайд нар байх үеэр асуувал оновчтой байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.