СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴 Д.Пүрэвдаваа: Засгийн газрын сайд нар залилан мэхлэх үйл ажиллагаа явуулсан байвал хэн хариуцлага хүлээлгэх вэ?

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэллэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ. Их л өөдрөгөөр төсөөлсөн дөө. Миний авсан мэдээллээр 5-6 хувьтай байна гэж ойлгож байна. Анх оруулж ирэхдээ 8 хувьтай байх тоо оруулж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хариулаач?

Төсвийг өөдрөгөөр төсөөлсний үр дагаварын хариуцлагыг хэн хүлээх вэ. Энгийн иргэн А, Б-г залилбал гэм хорыг нь тогтоож, үүссэн хохирлыг барагдуулдаг. Засгийн газрын сайд нар залилан мэхлэх үйл ажиллагаа явуулсан байвал хэн хариуцлага хүлээлгэх вэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хараат бус байгууллагын хувьд 6,1 орчим байна гэж санал болгож байхад та бүхний судалгааг авах ёстой Засгийн газар төсвөө тэлж, орон тоо зардлаа нэмсэн.

Мөн инфляци 2023 онд 12-13 хувьтай байсан үе бий. Жил ирэх тусам буурсаар одоо 5-6 хувьтай байна. Ирэх жил 7 хувьтай байна гэжээ. Хэрэглээний сагсанд түлш, дулаан цахилгааны үнэ ордог уу. Ирэх жилийн өсөлтөд ямар бүтээгдэхүүнийг оруулж тооцсон юм бэ. Миний тооцоогоор инфляци 12 орчим хувьтай байгаа бол ирэх жил бүр өсөхөөр байна. Та бүхэн зөрүүтэй мэдээлэл дээрээ тайлбар хийгээч. Яаж тооцоод байгаа юм бэ?

Гуравдугаарт, Төсвийн зардлыг ирэх жил хэдээр хэмнэх вэ. Төрийн албан хаагчдын тоо хэдээр хасагдах вэ. ЗГХЭГ-аас орж ирж байгаа тоонд буй 400 орчим улсын үйлдвэрийн газрууд хэд болж хасагдах вэ?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Байнгын хорооны ихэнх гишүүд инфляцын орж ирсэн хувь хэмжээ үндэслэл муутай байна гэж үзэж байгаа. Дэлхийн банк бол харьцангуй бодитоор тооцоод 6,2 хувьтай байна гэж үзсэн юм билээ. Манайхан 2026 оныг 6 хувь, 2027, 2028 оныг 6,5 хувь байхаар тооцсон. Инфляцын түвшинг энэ жил 7 хувь гэсэнтэй гишүүд санал нэгдэхгүй байгаа. 2027, 2028 онд инфляци үе шаттай буурах тооцоололд гишүүд эргэлзэж байгаа юм билээ. Урсгал зардлыг энэ жилийнхтэй харьцуулбал 1 нэг их наядаар бууруулна гэж тооцсон байна лээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан: 

-2025 оны эдийн засгийн өсөлтийг 7,5 хувь байх боломжгүй гээд 5 хувиар тооцож оруулсан. 2026 онд 5,4, 2027 онд 5 хувь. Засгийн газрын тооцооллоос 2 орчим хувиар бага байхаар тооцсон. 2026 онд уул уурхайн салбар хүнд байхаар байна гэж харсан. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: 

-Хууль зүйн хувьд туршлагатай байлгүй. Та бүхний хэлээд байсан эрсдэл, тоон мэдээллийг тооцоогүй, өөрсдийнхөөрөө өөдрөг төсөөлсөн нөхдөд хуулийн хүрээнд хэн хариуцлага хүлээлгэх вэ?. Энэ маш том хохирол шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг буруу тооцооллоос болж үрээд байх уу?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл оруулж ирсэн хуулийн төсөл дээр дүгнэлт л өгсөн. Засгийн газар л хариуцлага хүлээх байх гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.