СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга асанд ял оноолоо

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Алтангэрэл, бичиг хэргийн ажилтан Н.Гантулга нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурандаа Ж.Алтангэрэл нь уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2021 оны зургаадугаар сарын 16-нд “Наран мандал энтерпрайзес” ХХК руу дэмжлэг хүссэн албан бичиг бичиж, мөн сарын 30-нд Н.Гантулгын дансаар нэг сая, долоодугаар сарын 1-нд долоон сая төгрөгийн хандив авсан байдаг.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирын алтны орд газарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийнхнаас байгууллагынхаа албан конторт засвар үйлчилгээ хийх нэрээр уг найман сая төгрөгийг Н.Гантулгын дансыг ашиглан авсан боловч өөрөө авсан нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тодорхой болсон байна. Гэрчүүд “Уг хандивын албан бичгээс өмнө буюу 2021 оны хавар Онцгой байдлын газрын албан конторт засвар хийгээд дуусчихсан” хэмээн мэдүүлсэн юм.

Мөн хурандаа Ж.Алтангэрэл нь албан тушаалаа урвуулан эхнэр П.Хишигбаярыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын заал зохион байгуулагч гэх албан тушаалд томилж, дөрвөн жилийн хугацаанд цалинжуулан улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд бичиг хэргийн ажилтан Н.Гантулгыг цагаатгав. Учир нь хурандаа Ж.Алтангэрэлийн хууль бус үүрэг даалгавар, тушаалыг биелүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой болсон гэж үзсэн юм.

Харин хэрэг нь шүүх, прокурорын шатанд шилжих үед цэргийн тэтгэвэрт гарсан хурандаа Ж.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Мөн “Наран мандал энтерпрайзес” ХХК-иас шилжүүлж авсан найман сая төгрөгийг түүнээс гаргуулахаар болов. Харин эхнэртээ давуу байдал олгож, нийтийн албанд ажиллуулсан 43 сая төгрөгийг гаргуулахгүй, иргэн П.Хишигбаяр өөрөө хөдөлмөрлөж олсон орлого гэж шүүх дүгнэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.