Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг төрийн ордонд болж байна. Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Хөдөө аж ахуйн салбарын харилцааг зохицуулсан 27 хууль хэрэгжиж байна. Нийт ХАА-н ханган нийлүүлэлтийн сүлжээнд хамрагдаж, оролцож байгаа талуудын тусгайлсан салбар хуулиуд хэрэгжиж явсан. Одоо эргээд харахад хуулиуд хоорондын уялдаа холбоо байхгүйгээс болж энэ салбарт хүндрэлүүд үүссээр байна. Жишээлбэл, ДНБ-нд эзлэх ХАА-н хувь хэмжээ 2023 онд 13 хувьтай байсан бол одоо 7,6 хувьд хүрч буурсан. Эдэлбэр газар ч буурсаар байна. ХАА-н салбараас гарч байгаа бүтээгдэхүүний экспорт тавхан хувьтай байгаа бол ижил төстэй салбарын экспорт /мах, сүү, арьс шир/ 12,1 хувь байна. Жил ирэх бүр байдал сайжрахгүй байгаа тул салбарын харилцааг зохицуулж буй 27 хуулийг нийцүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Сүүлийн 30 жилийг эргэж харах хэрэгтэй. Төрөөс олгож байгаа дэмжлэг урамшуулал, зээл байгаа онож байгаа юу гэх мэт асуултын тэмдэг гарсаар байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч дасан зохицох чадвар суларч байгаа, бэлчээрийн даац хэтэрч, ургац үр тарианы нөөц хөрсний үржил шим сайжрахгүйгээс болж өнөөгийн байдалд хүрсэн. Цогцоор нь шийдэх хууль эрхзүйн орчин байхгүй байна гэж үзэж ХАА-н салбарын гол зарчмын хуулийг өөрчилж шийдэх гэж байна.
Тогтвортой хөдөө аж ахуй гэж юу байх ёстой, олгогдож буй дэмжлэг урамшуулал хаана очих нь тодорхой байх ёстой. Мал аж ахуйн салбараас гарч буй хоёр том бүтээгдэхүүн бол сүү, мах. Гэтэл хүнсний аюулгүй байдал өөрөө шинэ түвшинд очсон. ХАА-н үйлдвэрлэл тогтвортой бус байгаагаас хүнс үйлдвэрлэл ч баталгаатай бус байна. Импортоор 46 хувь хүнсээ авдаг болсон байна. Хүнс үйлдвэрлэж байгаа компаниуд нийслэл хотоо тойроод хөгжсөн. Бусад аймагт гэтэл гол түүхий эдийн нөөц нь байсаар байтал эргэлтэд оруулж чадахгүй явж ирсэн.
ХАА-н салбарт элсэж буй оюутнуудын тоо жил ирэх тусам буурч байгаа нь анхаарал татах асуудал юм. Энэ мэтээр анхаарал шаардаж буй салбарыг малгай хуулиар засаж, анхан шатны өртгийн хэмжээг зохист хэмжээнд нь бий болгох олон улсын туршлагыг нэвтрүүлэх шаардлага үүссэн гэж үзэж болно.
Өнөөдөр салбар салбарын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлж байна. Анхны хэлэлцүүлгээр саналуудыг авч хуулийн төсөлд тусгана. Төслийг энэ хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. "Шинэ хоршоо" хөдөлгөөн энэ хуулийн гол цөм болно. Кластержуулаад явах юм бол түүхий эдийн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэлтийн нөөц болгож аваад тэнд нь таарсан зөв урамшуулал дэмжлэгийг нэгжүүдэд өгнө. Ямар ч байсан оролцогч талуудын саналыг авч байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.