СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-05-06

Сангийн сайд минь санхүү сайнгүй л байна шүү

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 цагийн өмнө

Монгол Улсыг айлтай жишвэл өрхийн санхүү хүндхэн байдалтай байна.

Онол бор саарал байдаг бол амьдралын мод ногоон байдаг гэдэг. Сангийн сайд "Валютын нөөц 5,2 тэрбум ам.долларт хүрлээ" хэмээн баяртайгаар мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр ам.долларын ханш түүхэндээ байгаагүйгээр дээш пуужиндаж байна. Ам.доллар 3600 хүрч, юань 500 төгрөг болж чангарлаа, тэр хэрээр төгрөг суларлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж иргэд хуруу хумсаа мэрэхэд ойрхон байна.

2024 онд 78.1 сая тонн нүүрс борлуулсан амжилтандаа дулдуйдан энэ жил 83 сая тонныг тонны тутмыг нь 105 ам.доллар байхаар тооцсон нь санаснаар болсонгүй. Нүүрсний үнэ 40 гаруй хувиар унаж, Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтод нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихлээ. Монголын нүүрсийг алтаар тооцож авч байсан урд хөрш маань их хэмжээний алдагдал хүлээж эхэлсэн учир татан авалт хийхээ больж, монгол нүүрс үнс болоход ойрхон байна. 

Харин Сангийн сайд Б.Жавхлан л ганцаараа өөдрөг зүйл ярьсаар. "Бүсээ чангалах болоогүй шүү. Золбоотойхон байна шүү" гэсэн утгатай зүйлээ давтсаар. 

Нүүрс нэгэнт "худлаа" болсон учир Сангийн яам эхэндээ зэсэн дээр ач холбогдол өгч эхлэв. Үнэхээр ч нэгдүгээр улиралд нүүрсний алдагдлыг зэсээр нөхжээ. 

Харин одоо алтанд бүхий л бооцоогоо тавихаар болж байх шиг байна. Алтны үнэ тэнгэрт хадав. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас "Алт-3" хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад байна. 1гр алтны үнэ 370-380 мянга, 1кг нь 370-380 сая төгрөг болсон нь үүлэн чөлөөний нар лугаа адил болжээ. 

Энэ жил Монголбанк 20 тонн алт авахад л 700 гаруй сая ам.долларын нэмэлт нөөц бүрдүүлэх боломжтой болж байгаа аж. Гол нь хэл ам байнга дагуулж байдаг, байгаль орчны нөхөн сэргээлтэд хойрго ханддаг шороон ордоос илүүтэйгээр үндсэн ордуудыг хэрхэн хариуцлагатай хөдөлгөж эхлэхээс бүх зүйл шалтгаалах болов уу. 

Сангийн сайдын хэлсний эсрэгээр санхүү сайнгүй л байна. Алт л эцсийн найдлага болж үлдэв бололтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.