СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энх-Амгалан хоригдож, З.Энхболд хилээр гарах хориотой хэвээр үлдэв

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 цагийн өмнө

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон Б.Энх-Амгалан болон түүний өмгөөлөгч Д.Батсүх, Ө.Цэрэндэжид, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн эл хурал эхлэхэд З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх бүрэлдэхүүнд багтсан, хурал даргалагч шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нараас татгалзан гаргах саналтай буйгаа илэрхийлсэн.

Ингэхдээ хэрэг хуваарилах журмыг зөрчин дээрх хоёр шүүгч хувийн сонирхлоор энэ хэргийг хянан хэлэлцэхэд орж ирж байна гэж үзсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан тушаалтнаас тайлбар, шүүгдэгч Б.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч нарын “Хэргээ шуурхай хурдан шийдвэрлүүлмээр байна” гэсэн хүсэлтийг сонссон. Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Б.Баатарсайханы татгалзалыг хүлээн авахгүй гэж шийдвэрлэн, хурлаа үргэлжлүүлж, шүүгч С.Болортуяа хэргийн талаар илтгэсэн юм.

Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн орой нь Б.ЭнхАмгаланг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн бөгөөд түүнээс хойших хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал нь муудсаныг өмгөөлөгч нар нь шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байлаа.

Уг нь ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл-ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭнхАмгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм.

“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтан энэ хоёр хүнийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан бөгөөд анхан шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улстөрд нөлөө бүхий этгээд үргэлжилсэн үйлдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон билээ.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн19.30 цагийн үед хэлэлцүүлгээ дуусгаж, зөвлөлдөх тасалгаанд орсон бөгөөд 21.30 цагт шийдвэрээ танилцуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, уг тогтоолыг хүчингүй болгов.

Учир нь, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна.

Тухайбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны есдүгээр сарын 25-ны 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.

Ингэснээр анхан шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцэхээр болж байна.

Харин шүүгдэгч З.Энхболдод авсан хилээр гарахыг хязгаарлах, Б.Энх-Амгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.