Төрийн Соёрхолт “Харанга” хамтлаг 35 жилийн ойн хүрээнд Европын улс орнуудад амьдарч буй монголчууддаа “HARANGA35-Амьдрал” тоглолтоо энэ дөрөвдүгээр сард зохион байгуулсан.
Гэсэн ч тус тоглолт зохион байгуулагчид "Харанга хамтлаг гэрээгээ зөрчин, тасалбарын борлуулалтаас зардлаа нөхөж өгөөгүй" гэх мэдээллийг нэгэн иргэн цахим орчиндоо нийтлээд байна.
“HARANGA35-Амьдрал” тоглолтын зохион байгуулагчаар “The Hulegu Events” энтертайнмент ажиллажээ. Гэсэн ч тэдний буруутай үйл ажиллагаанаас үүдэж үзэгчдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг цахим орчинд тараасан. Бидний нэр хүндэд халдаж үндэслэлгүй, худал мэдээлсэн “The Hulegu Events” энтертайнмент болон “Мэргэн” буюу н.Ганзоригт туйлын их эмзэглэж байна хэмээн Харанга хамтлаг өөрсдийн цахим хуудастаа энэ сарын 26-ны өдөр бичсэн байсан юм.
Тэгвэл Сарангуа Со гэх фейсбүүк хаягтай нэг иргэн өөрийн цахим хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.
"Харанга" хамтлагийн Лондон дахь тоглолтод зориулж бөмбөр, микрофон зэрэг нийт 2,000 фунтын үнэд хүрэх тоног төхөөрөмж захиалж, тоглолтын танхимын түрээсэнд 1,800 фунт зарцуулсан бол зочид буудлынх нь төлбөр 2,100 фунт болсон. Эдгээр зардлыг зохион байгуулагчид хариуцсан бөгөөд тасалбарын борлуулалтаас зардлаа нөхөж, үлдсэн ашиг нь хамтлагийнханд очих байсан
Гэтэл Лондонгийн тоглолтоос ашиг олохгүй гэдгээ мэдсэн Харангийнхан намайг дээрэлхэж дарамталж байгаад хамаг орлогыг минь аваад явсан. Би тоглолтын танхим, хамгаалалтын алба болон бусад арын албаны хүмүүсээс тусламж хүсэж байж тэд нараас багахан бэлэн мөнгө л авч чадсан. "Харанга" хамтлаг анхнаасаа л тоглолтын зардал, надад өгөх ёстой төлбөр мөнгөө мэдэж байсан хэр нь бусад хүмүүст намайг "нэг ч төгрөг авах ёсгүй" гэж хэлсэн байсан. Тоглолтын дараа хамаг мөнгөө аваад зугтахаа мэдэж байсан болохоор тэд нар намайг өдөржингөө үгээр идэж доромжлон, над руу хашгирч бүдүүлэг харьцсан бөгөөд ялангуяа эхнэрүүд нь зогсолтгүй дээрэлхэж дарамталсан. Би шоу тоглолт зохион байгуулах мэдлэг, туршлагатай учир тус дэм болъё л гэсэндээ энэ аялан тоглолтыг дэмжиж нэгдсэн. Гэтэл монголчууд ийм муухай хүмүүс гэж мэдсэнгүй.
Би өмнө нь Англи, Америкийн томоохон одуудтай ч хамтран ажиллахдаа огт ийм юм туулж байсангүй. "Харанга" хамтлаг зохион байгуулагчидтай гэрээ байгуулсан байж үүнийгээ зөрчин, нэр алдраа урвуулан ашиглаж байна" гэх утга бүхий пост оруулаад байна.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Харанга хамтлагтай холбогдож энэ талаар тодруулж мэдээлэх гэсэн ч боловч хамтлагийн ахлагч Ц.Энхманлай утсаа авсангүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн бх нь