Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдад их хэмжээний түймэр гараад буй билээ. Дархан, Сэлэнгийн онцгой байдлын алба хаагчид, сумдын ЗДТГ болон онцгой байдлын албад, мөн нутгийн иргэд бүх хүчээрээ ажиллаж байгаа хэдий ч салхи шуурга ихтэйн улмаас түймрийн тархалт улам нэмэгдэж, аюултай байдалд хүрээд байгаа талаар Сэлэнгэ аймгийн цахим телевиз мэдээллээ.
Түймэр өчигдөр /2025.04.28/ үдэд гарсан бөгөөд голомтлон үргэлжилсээр байгаа аж. Сэлэнгэ аймгийн иргэд өчигдөр үдийн хойноос эхэлж түймрийн голомтод ажиллаж байгаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж гэр орон хашаа хороо, өвөлжөө хаваржаагаа алдсан айл өрхөд туслах хандивын аян зарласан.
Одоогоор хандивын дансанд 6.443.500₮ цуглажээ. Томоохон хандивлагчдыг дурдвал иргэн О.Анхцэцэг таван сая төгрөг, Сүхбаатар сумын Цагаан Эрэг ТҮГ-ын хамт олон нэг сая төгрөгийн шатахууны талон, хүн хүч, техникээр тусалж байгаа бол Цагааннуур сумын эмийн сан түймэр унтраахаар явж буй залуустаа анхан шатны тусламжийн аптек бэлдэж өгчээ.
Мөн аймгийн автомашин мотоциклын спортын холбоо түймэртэй сумдуудад хүрч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн иргэдээс үзүүлэх биет тусламжийг /хүнс, ус, бээлий, маск, гал унтраагуур/ аймгийн төвд тодорхой цэгт хүлээн авч байгаа аж.
Өнөөдөр өглөөний байдлаар түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа ч Хушаат сум төвөөсөө 10 км зайд буй гурван голомтыг цурамд оруулсан байна. Бусад газрын түймэр үргэлжлэн дэгдсээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.