СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Баярмаа: Татвар ногдуулах гурав дахь үл хөдлөх хөрөнгийг хувь хүн өөрөө сонгох эрхтэй

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

ТЕГ-ын татвар төлөгчид үйлчлэх газрын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаатай Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуульд орсон нэмэлт болон өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа.

-Үл хөдлөх хөрөнгөтэй байвал ямар татвар төлөх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Учир нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуульд орсон нэмэлт болон өөрчлөлтүүд орсон байна шүү дээ?

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль, Иргэний хууль, бусад хуультай нийцүүлэн хэрэгждэг. Тэгэхээр хуулийн хүрээнд албан татварыг төлөх үүрэгтэй. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа бүхий л өмчлөгчид албан татвар төлдөг.

Үл хөдлөх хөрөнгийн төрөл, зориулалтаасаа хамаараад үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ орон нутагт өөрөөр тодорхойлогддог.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2 хувиар тооцож ногдуулна. Ингэж тооцохдоо улсын бүртгэл хийгдсэн үнийн дүн, даатгалын гэрээнд тусгагдсан үнийн дүн, санхүүгийн бүртгэл хийгдсэн үнийн дүнгээр тооцдог. Нийслэлийн хэмжээнд одоогоор хуулийн дагуу 0.6-1 хувиар тооцдог бөгөөд Улаанбаатар хотод байрлаж байгаа энэ газар нутгийн хэмжээг таван бүсчлэлд хувааж хувь хэмжээг тооцож байна.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөхөөс гадна үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх харилцаа байдаг. Үүнд улсын төсвөөр санхүүждэг бүх хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг албан татвараас чөлөөлдөг.

-Орон сууцны татвар гэснээс хувь хүн, хуулийн этгээд хоёроос дээш орон сууцандаа татвар төлнө гэдэг билүү. Мөн граш, авто зогсоол хувь хүний үл хөдлөх хөрөнгөд хамаарах уу?

-Хуульд 2022 онд нэмэлт өөрчлөлт орсноор . Өмнөх хуульд иргэн хуулийн этгээдийн өмчилдөг орон сууц татвараас бүрэн чөлөөлөгддөг байсан. Орон сууц гэдэг өгөгдөлд орон сууцны тухай хуулиар амьдран суух зориулалтай байшин, хувийн сууц, зуслангийн сууц, орон сууцны барилга байшин орно. И-монголиагаас харахад та хэд хэчнээн үл хөдлөх хөрөнгөтэй байна гэдэг нь гараад  ирдэг болсон.

Авто зогсоол, граш нь орон сууц гэсэн өгөгдөлд хамаарахгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн шинжийг агуулдаг өмчлөл нь тодорхой байдаг тул хуулийн дагуу  албан татвар ногдуулдаг.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулахдаа жил бүрийн нэгдүгээр сарын 15 ны байдлаарх үнэлгээг үндэслэн  тухайн жилийн албан татвараа ногдуулдаг. Тухайн жилийн нэгдүгээр сарын 15-ны өдөр гэсэн хуулийн хугацаа  барьчихаар үүнээс хойших хугацаанд үл хөдлөхийг худалддаг, борлуулдаг эсхүл хоёр орон сууцтай байж байгаад гурав дахиа хугацааны дундуур худалдан авах бол авсан хугацаанаасаа хойш албан татвар бодогдоно эсвэл эсрэгээрээ гурван орон сууцтай байж байгаад худалдаж болно. Тэгэхээр худалдсан хугацаанаас хойших, худалдсан хугацааны хүртэлх татвараа тооцуулаад тэрнээс хойш татвар төлөхгүй байх уян хатан нөхцөлтэй.

Татвар төлөгч нь татвараас чөлөөлүүлэх хоёр орон сууцаа өөрөө сонгох эрхийг үлдээсэн. Үл хөдлөх хөрөнгийн хуулийн хүрээнд баталсан татварын хувь хэмжээ өөр тул үнийн дүнгээс өөр өөр хувь хэмжээгээр татвар ногдож болно. Татвар төлөгч цахим татварын систем, и-баримт аппликэйшнд хандаж сонголтыг хийх боломжтой.

-Хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй тохиолдолд иргэний нэр дээр орон сууцанд хэрхэн татвар ногдуулах вэ?

-Хамтран өмчлөгч өөрөө амьдардаггүй байсан ч гэсэн аав ээжийнхээ орон сууц дээр хамтран өмчлөгчөөр нэр байдаг энэ нь  хоёр дахь, гурав дахь орон сууц гэсэн тоонд орж байдаг. Татвар ногдуулах үл хөдлөх хөрөнгөөр сонгосон тохиолдолд  татварыг хувь тэнцүүлсэн байдлаар ногдуулан төлөх зохицуулалт байгаа.

Тухайлбал, хоёр иргэн нийлээд гурван орон сууцтай бол хувь тэнцүүлсэн буюу тухайн орон сууцыг 50, 50 хувь эзэмшдэг гэдэг утгаараа үл хөдлөх хөрөнгийн албан татвараа мөн хуваан төлөх боломжтой.

Татвар төлөгч нь гурван орон сууцнаасаа чөлөөлүүлэх сонголтоо системд илгээгээгүй тохиолдолд журмын дагуу эхэлж авсан буюу үл хөдлөх хөрөнгийг өмчилсөн хугацаагаар нь хоёр хөрөнгийг чөлөөлөөд сүүлд авсан хөрөнгө дээр татварын ногдуулна. Энэ тохиолдол өөрөө сонголтоо хийгээгүй журмын дагуу явчихдаг учраас арай илүү нөгөө өндөр төлөх дүн дээр ногдол үүсэх магадлалтай байдаг. Тиймээс иргэд үүнийг сайтар анхаарах хэрэгтэй.

Дараагийн нэг тохиолдол нь насанд хүрээгүй хүүхдүүд хөрөнгө өмчилдөг. Өөрөөр хэлбэл аав ээжтэйгээ хамт нэг орон сууц дээр нэр нь орчихсон байдаг. Энэ тохиолдолд насанд хүрсэн буюу нөгөө эцэг эх асран хамгаалагчийнхаа нэрээр төлөөлүүлдэг татвар төлөгчийн харилцаа үүсдэг. Магадгүй нөгөө хүүхэд гурван орон сууцтай болвол хүүхэд маань өөрөө албан татвар төлөгч болдог. Тийм учраас иргэд И-монголиа руу ороод энэ талын мэдээллүүдээ бас давхар хянаад харчих нь зүйтэй юм.

Иргэн татвар ногдуулах хөрөнгийн сонголтоо хийж амжаагүй бол үл хөдлөх хөрөнгийн албан татварын жилийн эцсийн тайланг дараа оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа өгөх боломжтой. Тайлангаар та тухайн жилд чөлөөлүүлэх хөрөнгөө сонгох боломжтой юм.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын төлөлтийг иргэн жил болгоны хоёрдугаар сарын 15-ны дотор, хуулийн этгээд жилдээ дөрөв хуваагаад улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлж болно.

-Тэгвэл хуулийн шинэчлэлээр хүний хөдлөх хөрөнгөд тээврийн хэрэгсэлд албан татвар ногдуулах ямар зохицуулалт байдаг вэ?

-Монгол Улсын авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд тээврийн хэрэгслийг ашиглаж байгаагаас үл хамаараад албан татвар төлнө гэж заасан. Энэ нь таны нэр дээр бүртгэлтэй, бусдад зарж шилжүүлээгүй тээврийн хэрэгслийг унаж байгаа эсэхээсээ үл хамаараад жил болгон албан татвараа төлнө гэсэн ойлголт юм.

Иргэдийн дунд нийтлэг гаргадаг алдаа нь тээврийн хэрэгслийг хэн нэгэнд худалдаад үүнийгээ өөрөө ашиглахгүй байгаа учраас өөртөө хамаагүй болсон гэсэн ойлголттой болдог. Гэтэл тухайн өмчлөгчийн эзэмшигчийн нэр шилжээгүй байдаг.

Нэр шилжээгүйгээсээ тээврийн хэрэгслийн татварууд нь хуримтлагдаад татварын өр үүсдэг. Тиймээс иргэн И-монголиа системд хандаж тээврийн хэрэгслийн эзэмшлийн бүх түүх, мэдээллүүдээ шалгаад байх боломжтой тул лавлагаануудаас сонирхоод нэг хараад үзээрэй. Магадгүй таны худалдчихсан эсвэл бусдад өгчихсөн тээврийн хэрэгсэл таны нэр дээр байх юм бол татварын өр тань дээр үүсэх тул шалгаад үзээрэй.

Дараагийн нэг анхаарах зүйл нь явахаа ч больчихсон, гарааш, зуслангийнхаа газарт ч юм уу хаячихдаг, цаашаа төмөрт өгдөг, эд ангийг салгаад задлаад зарчихдаг эдгээр тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасалт хийлгээгүй учраас дугаар болон бусад бүх мэдээллүүд бүртгэлтэй тул татвар төлөх үндэслэл нь болдог.

Тиймээс хөрөнгийг эзэмшиж болон өмчилж байх хугацааныхаа татварыг та төлөх ёстой байдаг.  Ингэснээр албан татвар дараагийн улирлаас эхлээд зогсдог.

Мөн нотариатаар шилжүүлэх харилцаа их хийгддэг нотариатаар шилжилтийн харилцааг нөгөө тал заавал бүртгэлийн байгууллагадаа очоод бүртгүүлэх ёстой зарим тохиолдолд бүртгүүлээгүй явчихсан тохиолдол байдаг энэ нь  адил таны нэр дээр тээврийн хэрэгслийн татварууд үүснэ. Тиймээс борлуулж байгаа хүн ч гэсэн АТҮТ-д очоод бүртгүүлээд өөрийнхөө нэр дээрээс хасаж шилжүүлэх боломж нээлттэй байдаг.

-Татварын алба нь татвар төлөгчид зөвлөн тусалъя гэдэг уриатай ажиллаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тиймээ. Татвар төлөгчид аль болохоор зөвлөх мэдээллүүдийг бүрэн хүргэх, татвар төлөгчөө эрсдэлээс хамгаалахын тулд танд бүхий л мэдээллүүдээ хуулийн болон бусад хамааралтай мэдээллүүдийг хүр­гэх чиглэлээр ажиллаж байгаа.

Цахим төлбөрийн баримтын систем, И баримтын системд ухаалаг тус­лагч зөгий оруулчихсан байгаа манай ухаалаг туслагчаас зөвлөгөө мэдээллээ 24 цагаар аваарай. Та бүхэн маань И-монголиа, И-баримт, Татварын ерөнхий газрын албан ёсны веб сайтуудаар зочлоод энэ талын мэдээл­лүүдийг авч байгаасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БОЛОР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.