СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж Засгийн газар, УИХ-аас шаардлага "нэхэв"

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 цагийн өмнө

Сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага болох Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэж буй энэ үед мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурал, 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад МСНЭ болон мэргэжлийн байгууллага, сэтгүүлчдээс төлөөллийг оролцуулаагүй ХЗДХЯ, УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалт, процессын үйлдэлд эргэлзэж буйгаа мэдэгдэж байна.

Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүргийг дүрмээр хүлээж, гишүүдийн нийтлэг эрх ашиг дээр эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллага болох МСНЭ нь Засгийн газраас өргөн бариад буй дээрх хуулийн төслийг боловсруулах ХЗДХЯ-ны Ажлын хэсэгт төлөөллөөрөө дамжуулан салбарынхны саналыг тусган ажилласан болно.

Гэвч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаануудад МСНЭ-ийн төлөөллийг оролцуулаагүйгээс үүдээд тус байгууллага өөрийн чиг, үүргээс татгалзсан мэт ойлголтыг хэвлэл мэдээллийнхэнд болон олон нийтэд төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэсэнд харамсаж байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн явцад мэдэгдэхдээ төслийг МСНЭ бүхэлд нь дэмжсэн мэт ойлголт төрүүлэх, МСНЭ-ийн удирдлагуудтай ярилцаж тохиролцсон гэх агуулгыг илэрхийлснийг няцааж буйгаа мэдэгдэж байна.

МСНЭ нь Ажлын хэсэгт төлөөллөөр дамжуулан ажиллахдаа төсөлд салбарынхны санал, байр суурийг тусгах явцдаа хууль санаачлагчдын байр суурийг харилцан хүндэтгэж, дэмжих боломжгүй бүлэг, заалтын тухайд ч саналаа тухай бүр илэрхийлэн протоколд тэмдэглүүлж байсан бөгөөд зарим асуудлыг УИХ-ын хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх, хууль тогтоогчдын бүрэн эрхийг хүндэтгэх үүднээс хандсан болно.

Цаашид УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийнхний байр суурь, дуу хоолойг тусгах, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулах, боломжоор хангаж ажиллахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газраас шаардаж байна.


МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.