Долоон хүний амь нас хохирсон "Дүнжингарав" худалдааны төвийн урд гарсан дэлбэрэлтийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржавын өмгөөлөгч н.Сайнбаяр:
-207-р байрны хувьд барилга нь эхлээд 10 давхар дээрээ явж байхад магадлалын ерөнхий дүгнэлт нь гарч, цутгалт нь дууссан хойно барилга эхлэх зөвшөөрөл нь гарсан байдаг. Нэг багана, нэг дам нуруунд 0,1-1,2 мм ан цав үүссэн байгаа юм. Шинжээч нар хүлцэх хэмжээнээс их байна гээд дүгнэлт гаргасан. Нэг багана, нэг дам нуруунд гарсан ан цавыг хүчитгээд барилгыг засах боломжтой эсэх талаар шинжээч нараас дүгнэлт авмаар байна.
Орчин үед барилгыг зөөгөөд явчихдаг технологи гарсан. Засах боломжтой талаас нь эрэлхийлж яагаад болдоггүй юм бэ. Тэгвэл хохирогч нар ч хурдан хугацаанд орон гэртэйгээ залгана. Нураах дүгнэлт ч гараагүй байгаа шүү дээ. Хохирлын тооцоотой холбоотойгоор анхнаасаа энэ барилгыг яаж барьсан эсэх асуудлыг шинжээч бүрэн гүйцэт тогтоож чадаагүй тул мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү.
“Дашваанжил” компанийн жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү:
-Зам тээврийн осол гарахад хоёр тээврийн хэрэгсэл холбогдсон. Нэг нь Ч.Ренчиндоржийнх, нөгөөх нь “Ниссан патрол” автомашин. Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй буюу ногоон гэрлээр орсон, дохио өгсөн. Нөгөө талд “Ниссан патрол” автомашин зам тавьж өгөх үүрэгтэй. Энүүгээрээ Ч.Ренчиндорж бол давуу эрхтэй байсан байна.
“Ниссан патрол” автомашины жолоочийг яллагдагчаар татаж орж ирээгүй нь анхаарал татаж байна. Тухайн автомашины өмчлөгч, ашиглагч нь хэн байгаа вэ? Миний мэдэхээр Батлан хамгаалахын яам. Э.Мөнхнаран замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол ядаж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ.
Тухайн уулзвар стандарт шаардлага хангахгүйг бусад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
Ч.Ренчиндорж гуай тухайн газ алдагдах үед аюулгүй байдлаа хангаж хөдөлгүүрээ унтраасан. ХАБ-аа хангаж удирдлага руугаа мэдэгдсэн. Галын эх үүсвэр “Дашваанжил” компанийн тээврийн хэрэгслээс гараагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.