СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-16

🔴 Ж.Алдаржавхлан: Төр бүгдийг хийнэ гэхээс илүү хувийн хэвшлүүддээ боломж олгоод хийлгээч

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Уг хэлэлцээрийн төслийн агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлэх болсон юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Мөн хэлэлцээрийн 5-р зүйлд "Оросын талын компанид цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз, бусад баримт бичгийг олгоно" гэж заасан нь УИХ-ын гишүүдийг бухимдлыг багагүй төрүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Урьд өмнө нь онгоцны түлш нийлүүлэх ажлыг ямар компани, ямар шугамаар авч хэрэгжүүлдэг байсан юм бэ? Хэдэн жил хэрэгжүүлсэн юм бэ? Орос-Монголын хамтарсан ахиад нэг компани байгуулагдах юм байна л даа. Төрийн өмчит компаниар хэрэгжүүлэх юм байна л даа. Энийг олон талт эх үүсвэрээс буюу хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр хийж болоогүй юу? Бүх юмыг төр авч хийдэг байдлаас ангижрах ёстой л доо. 

Хоёрдугаарт, Монголд баригдаж байгаа нефтийн үйлдвэр түлш хийх юм уу? Тэр ямар учиртай үйлдвэр вэ? Үзэсгэлэн юм уу? Онгоцны түлш стратегийн том бүтээгдэхүүн байх л даа. Гэхдээ хараат болчихоор нэг өдөр "чи дургүй хүргээд байна, чамд өгөхгүй" гэвэл яах вэ?

Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Ц.Туваан:

-Өмнө нь хувийн хэвшлийн "Содмонгол" компанийн охин компани болох "Мэргэ ван" ХХК энэ ажлыг хийж байсан. ОХУ-ын Роснефт компанитай хамтарч Буянт-Ухаа нисэх буудлын бүх шатахууныг нийлүүлдэг байсан. Та бүхэнд сонсогдсон байх л даа. Нэлээдгүй асуудал дагуулсан, онгоцны түлшний үнэ нэмэгдсэн, марж өндөртэй болсон. Тэр яриа хэлэлцээрийн дүнд хуучнаар УУХҮЯ-ны 100 хувийн хувьцаатай "Эрчис ойл" гэдэг компанийг байгуулж явж байгаа. Өнөөдрийн байдлаар онгоцны түлшний үнэ ханш тогтворжсон, хувийн хэвшлийн борлуулж байгаа үнээс 800 000-1.000.000 сая төгрөгийн доогуур борлуулж байгаа. 

Мэдээж хувийн хэвшлээ дэмжилгүй яахав. Гэхдээ төрийн юм гэдэг хангамж, аюулгүй байдал, тогтворжуулах асуудлыг төр авч явах ёстой гэсэн бодлого бий. Газрын тосны үйлдвэрийн тухайд ажил хэвийн явж байна. 2028 оны эхний улиралд ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлнэ. Саяхан Энэтхэгийн Элчин сайдтай уулзахад 2027 оны сүүлийн хагаст бүтээгдэхүүнээ гаргах ч боломжтой гэсэн. Саяхан мөн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 12 гишүүн очиж танилцсан. Түүхий тосны нөөц хангалттай байгаа, олборлож байгаа компаниудтай хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 1,5 сая тонныг жилд олборлох чиглэлээр яриа хэлэлцээр өрнөж байна.

Тантай санал нэг байгаа зүйл бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүнүүдийг олон эх үүсвэрээс авах эрмэлзэлтэй байгаа ч гуравхан эх үүсвэртэй байгаа тул гурвууланг нь бүрдүүлэхийн төлөө яам бодлого баримтлан ажиллаж байна. Түлш шатахууныг одоогоор дан ОХУ-аас авч байгаа ч яваандаа урд хөршөөс дизель түлш авч говийн аймгуудаа хангах бодлогыг боловсруулаад явж байна. Засгийн газар дээр чиглэл гарна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.