100 мянган иргэний санал авсан ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох иргэний санаачилгыг УИХ-ын гишүүд дэмжиж хуулийн төсөл санаачлахаар болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
- УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж байна. Иргэд долоо хоногийн хугацаанд 100 мянган цахим гарын үсэг зурж, дэмжиж саналаа ирүүлсэн байна. УИХ-ын гишүүд бид олон нийтийн санаа бодлыг хуулийн төсөл болгох хуулийн заалттай. Бидний хэдэн гишүүд энэ асуудлыг хуулийн төсөл болгохоор шийдвэрлэсэн. Энэ саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжсэн. Залуу үе татварын дарамтад маш их өртөж байна. Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь нийслэлийн иргэд байна. Бид хэдийгээр хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа ч улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө татварын ачааллыг багасгана гэж амласан. Бага дунд орлоготой иргэдийн татварын дарамтыг багасгана гэдэг амлалт байгаа. Улсын төсвийн зарлага асар ихээр нэмэгдсэн. Үүнийгээ орлогоор бүрдүүлж байна. Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь 2.2 сая төгрөгөөс доош цалин авч байна. Иргэн 2 сая төгрөгийг гар дээрээ авахын тулд үндсэн цалин нь 2.5 сая байх ёстой. Компаниас нийт 2.8 сая төгрөгийн зардал гаргаж, ХХОАТ-ыг шаталсан 10, 15, 20 хувийн татваруудыг авч байгаа. Нэг иргэн 2.5 сая төгрөгийн цалинтай бол 221 мянган төгрөгийн татвар төлж байна. Татвар, хураамж сүүлийн үед маш ихээр нэмэгдсэн. ХХОАТ 44 хувиар нэмэгдсэн байна. Энэ хэрээр татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа нэмэгдэж байна. Татвар төлөгчийн ачаанаас хөнгөлж, төсвийн зардлыг хэмнэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, хөдөлмөрийн идэвхи нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Би татварын багц ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Би хувь хүнийхээ хувьд хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгохыг дэмжиж байна. ХХОАТ-ыг хувь хүн төлөхөөрөө нэг хувиар төлдөг. Харин аж ахуй нэгж, компаниар албан хаагч төлөхөөр 10-20 хувиар төлдөг. Хувь хүмүүс, ААН-үүд ийм өндөр татвар төлж байгаа нь тэгш эрхийн зарчим алдагдаж байна гэж үзэж байгаа. Иймд хүн бүр нэг хувийг төлөх нь зүйтэй гэдэг иргэдийн санаачилгыг дэмжиж байгаа. Хүн амын орлогын албан татвар бусад улсад өндөр байдаг. Тийм байсан ч иргэд, ААН нь төлчихдөг. Учир нь буцаан олголтын хувь нь өндөр байдаг. Тодруулбал, барилга байгууламж барихад нь, хүүхдийн нь сургалтын төлбөр төлөхөд нь, эмнэлгийн эмчилгээнд ороход нь буцаагаад өгдөг зэрэг үйлчилгээ үзүүлдэг юм. Манайд энэ тогтолцоо хараахан бүрдээгүй. Тиймээс бүгд тэгш дүнгээр төлөх санаачилгыг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Нэг сарын хугацаанд иргэдээс санал авсан бол 300-400 иргэн дэмжих байсан. Бид төрийн албан хаагчдаа цомхотгож цомхон болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, орон тоог бууруулах байдлаар төсвөө хэмнэх боломжтой. 2024 оны сонгуульд намууд оролцохдоо цахим засаглалтай болно гэсэн. Үүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манайх 1000 хүнд ногдох төрийн албан хаагчдын тоогоороо хөрш орнуудаа тэргүүлж байна. Манайх 3.5 сая иргэнтэй, 225 мянган төрийн албан хаагчтай. Нэг хүнд ногдох төрийн албан хаагч 65 байна. Тиймээс цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.