Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Прокурорын байгууллагад мэргэжлийн бус хүн очоод бизнесүүдийг дээрэмддэг асуудал гарч байсан. Оюутолгойн асуудлыг шалгах явцад н.Болд гэдэг хүний данснаас Монголын зургаан улс төрчид мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ яагаад авлигын хэрэг болсонгүй вэ гэдгийг гайхаад байдаг юм. Үүнийг нотолж чадсан бол хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжтой байсан.
Хоёрдугаарт, гүтгэлийг зогсоох хэрэгтэй. Хүнийг харлуулах байдал хэрээс хэтэрч байна. Прокурор цагдаа дээр очоо хэрэгсэхгүй болж байна. С.Баяр гэдэг хүн гүтгэчихээд шүүх хуралд ирдэггүй. Нүдний хагалгаанд орсон юм харах боломжгүй гээд шүүх дээр очихгүй байна. Намайг сүүний үйлдвэр гэж улс орон даяар гүтгэсэн. Прокурор хүн гүтгэж байгаа асуудлыг зогсоо. Юу ч гэж гүтгэж чадаж байна. Энэ байдлаараа Монголд нэг ч лидер төрөхгүй шүү.
Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан:
-2022 онд Ц.Даваасүрэн гишүүн надад гурван асуудал ярьж байсныг санаж байна. Би танд нэг зүйл хэлсэн мөрдөх байгууллага шалгаж тогтоосон, нотлох баримт цуглуулсан тэр зүйл дээр шалгаж байгаа мөрдөгч, хянаж байгаа прокурор дүгнэлт гаргадаг. Тэр зарчмаар явсан гэж ойлгодог. Энэ гомдлуудыг дахин хянаж үзье. Нэг зүйл дээр тантай санал нэг байна. Маш олон гүтгэлэг, олон хүнийг харлуулах зүйл болж байна. Австралид Троллын эсрэг хуулийг 2021 онд баталсан. Энэ хуулиар олон асуудлыг шийдвэрлэсэн. Ер нь хэвлэлийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө гэдэг нь хэлсэн үгээ ухамсарладаг байж гэмээ эрх чөлөө тэнцвэрээ олно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.