Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад одоогоос жилийн өмнөх энэ өдөр гал гарч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид таван цагийн турш ажиллаж унтраасан билээ.
Галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг:
-Нөхөр бид хоёр таван хүүхэдтэй. Гэр бүл болоод 22 жил болсон. Ханиа алдсанаас хойш нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг үзлээ. Олон дарга нарын хаалгыг сахиж, арга мухардаад өнөөдөр хэвлэлийн хурал хийх шийдвэрт хүрсэн.
Миний хань Д.Жанчив Онцгой байдлыг албанд нийт 25 жил ажилласан. Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ биелүүлж, амиа хайрлаагүй. Тэгвэл төр өнөөдөр ямар үүрэг хүлээж байна. 25 жил зүтгэж, амиа алдсан алба хаагчаа Засгийн газар үнэлэхгүй байгаад гомдолтой байна.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын албанд зүтгэхдээ 1.1 гэдэг албан тушаалыг олон жил хийсэн. Энэ нь аливаа гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй алба. 7000 гаруй хүний амь насыг аварсан. Энэ тооны ард маш их гэр бүл элэг бүтэн амьдарсан. Ийм баатарлаг хүний гэр бүл ингэж гомдолтой үлдсэн.
Алба хаагчдын хувцас хангамж хэрэглэл стандартын бус. Аврагч хүн цалин хангамж, хоол хүнс дээр өөрийн эрхийг хамгаалж дуугарах үүрэгтэй байдаг. Аврагчдын эрхийн төлөө дуугардаг байгууллага Монгол Улсад байдаггүй юм байна.
Дарга нарын нүдний үзэмж болсон хувцсыг жилд хоёр удаа сольж болдог хэр нь аврагчдын хувцсыг сольдоггүй. Оёод л хэрэглэдэг. Хамгийн мундаг чимээгүй баатрууд. Холбоо станц байсан бол өнөөдөр хүнээ алдахгүй ч байсан болов уу. Олон улсад ямар стандартын хувцас хэрэглэлтэй байна. Гэтэл гал сөнөөгч нар хамгийн ойр байх төмрөө тэмтэрч очоод, нүдэж амь аврагддаг. Би энэ үгээрээ ханийнхаа амь насыг нэхээд байгаа юм биш. Аврагчдынхаа амь насыг хамгаалах эрх ашгаа хамгийн түрүүнд тавихыг хүсэж байна.
Би өнөөдөр ханийгаа "Баатар" гэж хэлмээр байна. Нас барсан хүнд баатар цолыг нөхөн олгодоггүй юм байна. Энэхүү шагнал ямар хүнд олгогддог юм бэ. Монгол Улс энх тайван орон. Тэгэхэд эх орныхоо төлөө олон мянган хүний амь насыг аварч, өөрийн амиа эрсдэлд оруулж байгаа хүмүүс онцгой, цэрэг, цагдаагийн алба хаагч нар. Эдгээр хүмүүс нас барсан ч гэсэн баатар цолыг нь олгож болдоггүй юм уу. Хичнээн төмөр ч гэлээ. Ар гэрийнхний хувьд амь насны үнэ цэнтэй нь дүйцэх зүйл. Гал, ус руу алба хаагчид нь орж, гавьяа шагналыг дарга нар авдаг.
Дүнжингаравын гал дээр амиа алдсан гурван алба хаагчийн ар гэр, ахуйн асуудалд Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэтэл манай гэр бүлд шударга бус хандаж байна. Ерөнхийлөгч, төрийн гурван өндөрлөгт хандаж хэлмээр байна. Энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд шийдэж болдоггүй юм уу. Хуулийнхаа хүрээнд биш юм гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад нөхрийн маань ажилласан жилийг нь үнэлээд адилхан шударга хандаж болохгүй юу. Таван хүүхэд нь үлдсэн байхад төр яагаад үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны зургаадугаар сарын 1-нд өргөн барьсан. Уг хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа, онцгойгийн албан хаагчийн гэр бүлд орон сууц олгодог болсон. Тухайлбал,
Гэтэл миний нөхөр дөрөвдүгээр сарын 8-нд өнгөрсөн учраас дээрх хуульд хамрагдахгүй гэж хэлсэн. Үүнд гомдолтой байна.
Бид хууль ёсны тэтгэвэр, тэтгэмж буюу арван жилтэй тэнцэх цалин, амь насны даатгалын мөнгийг авсан. Миний хань заавал олны анхааралд өртөж амиа алдах ёстой байсан юм уу. Олны анхааралд амиа алдсан бол тэр тусламжид миний хүүхдүүд хамрагдаж чадах байсан юм уу хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүк бол хохь чинь л гэж хэлнэ.
Ерөнхийлөгчид асуудлыг танилцуулах ёсирй ЕТГ-ынхан ажлаа хийхгүй байна гэсэн үг. Тэд асуудлыг ерөнхийлөгчид танилцуулж чихэнд нь сонсгох л юм бол ерөнхийлөгч заавал анхаарч арга хэмжээ авах ёстой.