УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд “Ноорог” сайтын эрхийг зөрчсөн эсэх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Энэ баривчилгаа явуулахад процессын хувьд хүний эрхийн зөрчил үүссэн үү гэдэг асуудал. Ямар үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнө байцаалт явуулсан юм бэ? Ноорог гэх хэвлэл мэдээллийн байгууллагад яагаад нэгжлэг хийсэн бэ? Цахим мөрийтэй тоглоом тоглосон гэдэг нь бас тусдаа асуудал байх. Харин тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмжийг буцаан өгсөн үү?
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-ХЭҮК "Ноорог"-ын залуусын халдашгүй чөлөөтэй байх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзлийг мохоох үйл явц болсон гэж дүгнэсэн. Комисст цугларсан баримтын дагуу дүгнэлтээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй, мэдээлэл зөрүүтэй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, дээрх иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан байна гэж дүгнэсэн. Гуравдугаарт, төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй гэж дүгнэсэн.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:
-Мөнгө угаах болон зохион байгуулалттай бүлэг цахим мөрийтэй тоглоом, амиа хорлохтой холбоотой хэрэг байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг прокурор хүчинтэйд тооцсон байгаа. Цахимтай холбоотой хэрэг дээр очсон учраас цахим төхөөрөмжийг хураан авсан. Үзлэг, шинжилгээ хийх ажиллагаа хийгдэж байна. Богино хугацаанд хийгддэггүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, тухайн хэрэгт хамааралгүй гэдэг нь прокурорын зөвшөөрлөөр тогтоогдвол тухайн техникийг буцаан өгөх ажиллагааг зохион байгуулна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-Анхны үндэслэл нотлогдсон үгүйг хэлэх ямар ч боломжгүй. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ ХЗДХ-ийн сайд нотлогдсон тогтоогдсон гэдэг зүйл ярьсан гэдэг үг хэллэг ашигласан. Би тийм нэг ч үг хэлээгүй. Хүний эрхийг хамгаална гээд ярьж байж олон нийтийн хэрэгслээр гүтгэж болохгүй шүү. Хурааж авсан тоног төхөөрөмжийн хамгийн боломжит хугацаанд буцаан өгөх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.