ХЭҮК-оос "Ноорог Креатив студио" ХХК-ийн нэр бүхий ажилчдыг цагдаагийн байгууллагаас саатуулсантай холбоотой дүгнэлтийг танилцууллаа.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтныг 2025 оны гуравдугаар сарын 17-18-ны шилжих шөнө хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байран дээр нь нэгжлэг хийж, ажлын төхөөрөмжүүдийг нь хураан авч, тэдний халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Энэ дагуу "Ноорог Креатив студио" ХХК-ийн ажилчидтай холбоотой хэрэг дээр хуулийн байгууллагаас бичгээр тайлбар авч, зарим ажилтнуудтай биечлэн уулзсаны эцэст гурван асуудлаар дүгнэлт гаргасан.
Дүгнэлтээ танилцуулбал
Нэгдүгээрт, иргэн О.У, Б.Х, А.О, Б.Т, Ё.Т, М.Б, Б.Б, Б.Б зэрэг иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна.
"Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрчсөн.
Комисст цугларсан баримтын дагуу дүгнэлтээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй, мэдээлэл зөрүүтэй байна гэж үзэж байна.
Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй ажиллагааг явуулах эрхтэй ч зөвхөн онцгой тохиолдолд үндэслэл нь тодорхой үед явуулах ёстой.
Ямар гэмт хэрэгт холбогдож байгаагаа иргэн мэдэхгүй байх нь түгших, сэтгэл санааны хүнд нөхцөлд орох болон өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх нь хязгаарлагдах юм.
Аливаа гэмт хэрэгт холбогдуулан шалгах, баривчлах, үзлэг, нэгжлэг хийх зэрэг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Ялангуяа хойшлуулшгүй ажиллагааны үндэслэл маш тодорхой байх шаардлагатай.
Хоёрдугаарт, дээрх иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзлийг мохоох үйл явц болсон байна. Тус компани болон ажилчид нь цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ихэвчлэн ялгаварлан гадуурхалт, хүний эрх, хүүхэд хамгаалал, орчны хүртээмжтэй байдлыг олонд таниулах зорилгоор контент бэлтгэж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байна.
Гуравдугаарт, төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй гэж дүгнэлээ.
Хууль хяналт, төрийн байгууллагаас өгсөн мэдээлэл зөрүүтэй тодорхойгүй байдал нь олон нийтэд эргэлзээ түрүүлж ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн.
Бодитой, тодорхой ямар нэг салаа утгагүй мэдээлэл авах нь Монгол Улсын иргэн бүрийн эрх. Тэгвэл хууль хүчний байгууллагын ээлж дараалсан мэдэгдэл нь энэ эрхийг хангаагүй гэж үзэж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэүк ч болдоо зайлуул, хүний буруу эрхээр нийгмээ задлах, төргүй болгох, гадны жууш болгох, олон нийтийг замбараагүйд турхирагчид болтой.танай Монголд хүний хэтийдсэн эрхээс өөр зүйл байгаа юмуу