Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас дэлхийн усны өдрийг энэ жил “Мөнх цас, мөсөн голыг хамгаалах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр миний, таны, бидний анхаарлыг юунд хандуулж байна вэ?
Алтайн нурууны нийт мөстлийн талбай (2024 он) 331 км² талбайтай 627 орчим мөсөн гол байгаа бөгөөд ихэнх нь буюу 96 орчим хувь нь Алтай Таванбогдоос, Сутай уул хүртэлх Монгол Алтайн нуруудад оршдог.
Сүүлийн 30 жилд Монгол Алтайн нурууны төв, зүүн хойд, өмнөд хэсэгт мөстөл бүхий уулсын нийт талбай 20-70 хувиар багассан байна. Хангайн нурууны Отгонтэнгэр, Хөвсгөлийн уулсын оргилд багахан мөнх цас, мөстөл үлджээ.
Мөнх цас, мөсөн голын хайлалт энэ байдлаараа үргэлжилбэл 2050 онд манай улсад мөнх цастай уул байхгүй болно гэж судлаачид сануулж байна
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хувь нэмэр болох зорилгоор энэ жил Говь-Алтай, Ховд, Увс, Завхан 4 аймгийн 42 суманд мөнх цас болон гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Цаашид энэ санаачлагын хүч, хурд, хамрах хүрээ, үр дүнг жилээс жилд улам бүр нэмэгдүүлэх болно хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын төлөө санаачлан хэрэгжүүлж буй олон зуун эрэлхийлэл, санаачлагын нийлбэрт бид мөнх цас, мөсөн голын хайлалтын хурдыг бага ч гэсэн сааруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.