СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-22

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн, Монгол Оросын сансрын хамтарсан нислэгийн түүхт өдөр тохиож байна.

Уг өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр, Дөчин дөрвөн жилийн тэртээх энэ баяр бол Монгол хүний мянга, мянган жилийн мөрөөдөл биелж, Монгол хүн бүрийн омогшил бахархал бадарсан, Монгол Улсын XX зууны түүхийн гайхамшигт содон үйл явдал болсон билээ.

Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа хамтарсан нислэгээр сансарт ниссэн нь Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисэгч болж, түүх бүтээсэн бөгөөд Монгол хэмээх нэрийг ертөнц дахинаа тодоос тод зарласан гавьяатай. Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа Танд энэ баярт өдрийг тохиолдуулан УИХ-ын нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл, талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэхүү түүхэн үйл явдал нь тухайн цаг үеийн монголын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын салбарын хүрсэн түвшин, монголын эрдэмтэн судлаачдын чадвар чадамж, эртний найрамдалт хоёр улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны бодит үр дүнгийн нэгэн тод илэрхийлэл болсон билээ.

Эдүгээ энэ өдрийг өнгөрснийг дурсан тэмдэглэх төдийгүй ирээдүйгээ бүтээх, сансар судлалын ололт дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үндэсний бахархалт өдөр болгохыг өнөө ба хойч үеийнхэндээ уриалж байна.

Хүн төрөлхтөн сансрын эрин үед шилжин орсон энэ цаг үед Монгол Улс энэ салбарт дахин нэг үсрэлт хийж, ХХ зууны амжилтын буухиаг шинэ зуунд үргэлжлүүлэн сансар огторгуйд үндэстэн улс өөрийн орон зайгаа эзэмших нь бидний алсын биш ойрын зорилт мөн.

Сансрын технологийг хөгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэх, амьдралд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, хагас зууны ойд монголчууд дараагийн элчээ сансарт илгээх нь үндэсний шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын төдийгүй Засгийн газрын онцгой анхаарах, тэргүүлэх чиглэлийн нэг байх ёстой.

УИХ-аас 2012 онд баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг шинэчлэх, сансар судлалын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, өндөр технологийн тусгай бүс батлуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх мега төслийг дэмжих чиглэлд энэ удаагийн парламент анхаарал хандуулж, тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.