Монгол Улсын Их хурал, Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт болж байна. Тус хуралдаанаар хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан, хэлэлцүүлэг /UPR/- ийн үйл явц дахь Монгол Улсын Их Хурлын оролцоо, гишүүн орнуудаас хүлээн авсан зөвлөмжүүдийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог хангах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-2024 оны хүний эрхийн тогтоолын хэрэгжилт ямар хэмжээнд байсан бэ? Ямар байгууллага яаж ажилласан талаар сонсголоо хийгээд явна гэж төлөвлөж байна. Түүнчлэн миний бие Хүний эрхийн хорооны хурал дээр Монгол Улсын засгийн газрын илтгэл тавигдсан. Хяналт тавих чиг үүрэгтэй оролцсон. Үг хэлж оролцоогүй. Биднийг гадныхан хэрхэн дүгнэж байгааг маш сайн мэдэж ирсэн. Тус асуудлуудаар бид юу юу хийж төлөвлөх ёстой вэ? Аль аль байгууллага юун дээр анхаарах вэ гэдгийг сайн мэдэж авсан. Чимээгүй оролцсоноо зөв гэж бодож байна. Үнэхээр анхаарал хандуулах шаардлагатай зүйл олон байна. Гадаадын хүний эрхийн хорооны гишүүдэд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Бидэнд чин сэтгэлээсээ хандаж байгаа учраас бидний асуудлыг асуусан гэж бодож байна. Иргэн хүний амьдралд хөнгөрөх байдлаар үр дүн гарах ёстой. Түүнээс биш дарга нарын хариултыг бэлдэж өгөөд бултах асуудал биш юм. Гурван сая иргэний нэг хүн дээр ч энэ хүндрэл очдоггүй байх энэ тогтолцоог л бий болгох ёстой. Тус сонсголыг хийх шаардлагатай гэж үзсэн. Бид хүний эрхийн асуудлаа гадаадын мэргэжилтнүүдээр хэлүүлээд байх шаардлагагүй. Энэ нь бидний хүнд суртал ямар шатанд орсныг л илтгэж байгаа юм. Гишүүд маань ч энэ асуудалд ихээхэн анхаарах шаардлагатай байна.
Цаашдаа төр иргэний нийгэм, иргэнийхээ үг, ХЭҮК-ынхоо үгийг бид сонсож сурах ёстой. Хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоор өргөн барьсан. Тус хуульд аливаа нэг хууль өргөн барихдаа хүний эрхийн үнэлгээг заавал хийж байх шаардлагатай гэдгийг оруулж өгсөн. Заавал ХЭҮК-ын хэлэх үгийг сонсдог болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.