Монгол Улсын Ерөнхий сайд Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Төсөл өргөн барьсантай холбогдуулан Засгийн газрын гишүүд мэдээлэл хийв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Засгийн газраас Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын төмөр зам байгуулах Засгийн газар хоорондын баталсан хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-ын даргад өргөн барилаа.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хийгдэж буй томоохон хэлэлцээр. Хэлэлцээрт компани хоорондын дагалдах гурван төрлийн гэрээ явна. Төмөр замын хил хоорондын асуудал, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх зэрэг гурван цогц гэрээнээс бүрдэж байгаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт хийгдсэний дараа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч баруун, зүүн коридорын төмөр зам холбох асуудлууд хурдтай хэрэгжинэ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Хаврын чуулганы нээлтээр 14 мега төслийн анхны том бүтээн байгуулалтыг УИХ-аар батлуулахаар өргөн барилаа. Бидний гол зорилго хил дамнасан төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах, хэлэлцээр соёрхон батлагдсаны дараа тендерээ зарлаж, Зам тээврийн яам гэрээгээ байгуулж богино хугацаанд бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэгтэй байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.