ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр:
-Улаанбурхан өвчний 14 дэх тохиолдол батлагдсан талаар мэдээлсэн. Өчигдөр шөнө дахин нэг тохиолдол лабораториор батлагдаж, нийслэл хотод нийт тохиолдлын тоо 15 боллоо. Мөн хөдөө орон нутагт улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр шөнө 22 цагт Өмнөговь аймгаас 12 сорьц хүлээж авсан. Тус сорьцоос гурван тохиолдол батлагдлаа. Ингэснээр улс даяар улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байна.
Багш, сурагчдын дунд золголт хийсэнтэй холбоотой улаанбурхан өвчлөлийн хавьтал ХӨСҮТ-д ирэх нь нэмэгдсэн. Бага насны хүүхдүүд ихэнхдээ өвдөж байгаагаас гадна дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ нөхөн дархлаажуулалтад хамруулж, ХӨСҮТ-өөс өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг хүсэж байна.
Мөн менингококкт халдварын нэг тохиолдол батлагдаад байна. Тухайн хүүхдийн биеийн байдал хүнд, хавьтал болсон иргэдэд тандалт судалгааны ажил хийгдэж дууссан. Сар шинийн баяртай холбоотойгоор томуу, томуу төст өвчний нөхцөл байдал нэмэгдсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.