“Элчин сайд ярьж байна” буландаа Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүг урьж, хоёр улсын харилцаа хэрхэн өрнөж байгаа талаар ярилцлаа.
-Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито энэ жил манай улсад түүхэн чухал хийх гэж байгаа сайхан мэдээллийг албан ёсоор зарласан. Энэ айлчлалын талаар яриагаа эхэлье. Айлчлалын бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Эзэн хаан Нарүхито өмнө нь манай улсад ханхүүгийн хувиар ирж байсан байх аа. Энэ удаагийн түүхэн айлчлал ямар ач холбогдолтой үр дүнтэй байгаасай гэж та бүхэн хүсч байна?
-Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатныг энэ оны долоодугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахтай холбогдуулан одооноос шаардлагатай зохицуулалтуудыг хийнэ гэдгээ Япон Улсын Засгийн газар мэдэгдсэн.
Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийх айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд Монгол Улсын Засгийн газартай хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана гэж бодож байна.
Эзэн хаан Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улсад айлчилж байсан. Энэ айлчлал өндөрлөсний дараа Монголын байгаль үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлсэн тухай, ялангуяа "Зах хязгааргүй үргэлжлэх тал нутаг хараа булаам, гайхалтай байсан" гэж байсан.
Энэ удаад болох Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны айлчлал нь Япон, Монгол хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр сийлэгдэх түүхэн үйл явдал. Энэхүү айлчлал нь өнөөг хүртэлх олон төрлийн харилцаан дээр тулгуурлаж ирсэн Япон, Монгол хоёр орны найрамдалт хэлхээ холбоог улам бүр бэхжүүлнэ гэдэгт маш их итгэж байна.
-Та манай улсад томилогдон итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Монголын талаарх сэтгэгдэл анх ямар байв. Одоо монголчуудын талаарх анхны төсөөлөл тань хэр өөрчлөгдсөн бэ.
-Монгол надад үнэхээр их таалагддаг. Би 1988 онд анх Монголд ирж байсан. Түүнээс хойш ажил хэргээр болон аяллаар хэд хэдэн удаа ирж байлаа. Хамгийн анхны сэтгэгдэл бол Монголд үнэхээр татагдаж байсан бол одоо илүү ихийг мэдэх тусам улам л сонирхлыг минь татаж байна.
Монгол хүний талаарх миний сэтгэгдэл өөрчлөгдөөгүй. Монголчуудыг нөхөрсөг, илэн далангүй, энэрэнгүй хүмүүс гэж боддог. “Монголын ардчиллын дараах ороо бусгаа цагт Япончуудын үзүүлсэн тус их” хэмээн ач санан талархах хүмүүс олон байдагт баяртай явдаг. Саяхан Монголын уламжлалт баяр "Сар шинэ" боллоо. Би бас айлуудаар зочлон золгож, бууз идсэн.
-2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилсан. Энэ айлчлалаар хоёр улсын "Стратегийн харилцаа"-г "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл" болгож өргөжүүлэхээр тохирсон. Харилцааны шинэ шатанд гарснаас хойш ямар ахиц дэвшил гарсан гэж та харж байна вэ?
-Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад албан ёсны айлчлал хийж, энэ үеэр болсон хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт хийсэн. Энэ үеэр хоёр орны харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хоёр орны харилцааг "Стратегийн түншлэл"-ээс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл" болгон дэвшүүлэх тал дээр санал нэгдсэн.
Төрийн тэргүүнүүдийн уг хэлэлцээний дүнд Хамтарсан мэдэгдэл гаргаж, 2031 он хүртэл хэрэгжих “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн Япон, Монголын үйл ажиллагааны хөтөлбөрийг албан ёсоор зарласан. Япон, Монгол хоёр улс нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг түншүүдийн хувьд “хүн төвтэй“ харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхий дахинд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд хоёр орны баримтлах тодорхой хамтын ажиллагааг харилцан баталгаажуулсан.
Хамтын ажиллагааны тодорхой жишээг дурдвал, Япон Улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгох болсныг саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цаашид Чингис Хаан Олон улсын нисэх буудлын өргөтгөл хийхээс эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах төрөл бүрийн төслүүдэд хамтран ажиллах хүлээлттэй байна.
Түүнчлэн, өнгөрсөн оны арваннэгдүгээр дүгээр сард Улаанбаатар хотод Япон, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцсэн “Япон Монголын төр, хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдсан. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тэр дундаа дижитал, эрүүл мэнд, гарааны бизнес, бизнесийн орчныг сайжруулах, “Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг үр дүнтэй ашиглах талаар ярилцаж, ирээдүйд хамтран ажиллах боломжийн тухай хоёр тал жишээ дурдан идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цаашид эдгээр салбаруудад хамтын ажиллагаа улам бүр бэхжинэ гэдэгт найдаж байна.
-Боловсрол, соёл, хөдөө аж ахуй, батлан хамгаалах гээд бүх салбарт хоёр улсын хамтын ажиллагаа амжилттай өрнөдөг. Сүүлийн үед эрчимжиж байгаа хамтын ажиллагааны талаар ярьвал та юуг илүү онцолж хэлмээр байна?
-Япон, Монгол хоёр орон ардчилал хэмээх нийтлэг үнэт зүйлийн дор цоо шинэ итгэлцлийн харилцааг тогтоож, хамтдаа замнасан 35 жилийг үдсэн байна.
Япон Улсаас үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаа нь Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих явцад тулгарч байсан хүндрэлийг даван туулж, өнөөгийн өргөн хүрээтэй хөгжлийн үндэс суурийг тавихад томоохон хувь нэмэр оруулсан хэмээн олон хүн өндрөөр үнэлдэг. Миний хувьд боловсролын салбарыг онцлон тэмдэглэмээр байна.
Боловсрол нь улс орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хүн бүр өөрийн авьяас чадвараа бүрэн хөгжүүлж, нэр төртэй амьдрах замыг нь нээж өгдөг бөгөөд үүнийг Япон Улсаас хөхиүлэн дэмжиж ирсэн. Энэ нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс болдог.
Энэхүү үзэл санаанд тулгуурлан Япон Улсаас Монгол Улсын боловсролын салбарт бага, дунд сургууль барих, засварлах, боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн тусламж үзүүлж ирсэн.
Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийн хөгжлийг түүчээлэх хүний нөөцийг бэлтгэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна
Энэ зорилгоор технологийн дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх замаар ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд хамтран ажиллаж байна. Боловсрол бол тогтвортой хөгжлийн бүх зорилтуудад хүрэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч боловсролын хөгжилд чиглэсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Нөгөө талаар боловсрол нь бусдыг болон соёлын ялгааг ойлгох, итгэлцлийг бий болгох, энх тайвныг дэмжих үндэс суурь ч болдог. Япон Улс өөрийн улсын орчин үеийн хөгжил, дайны дараах эдийн засгийн өндөр өсөлт, олон янзын сорилт бэрхшээлийг даван туулсан туршлагадаа тулгуурлан цаашид боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимтэй хэрэгжүүлэх болно.
-Японд боловсрол эзэмшиж байгаа монгол залуучууд олон. Монголд ч япон соёлтой бага, дунд сургуулиуд олон бий. Ер нь японы боловсролын гол онцлогийг та юу гэж хэлэх вэ?
-1976 онд анхны Японы Засгийн газрын тэтгэлэгт оюутан Монголоос очиж суралцсан байдаг. Тэр цагаас хойш хэдийн 50 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 2,000 орчим хүн Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, үүн дээр хувийн зардлаар сурсныг оруулбал Японд сурсан хүний тоо хол давна.
Монголчууд гадаадад сурч байхдаа “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж хэлдэгтэй адил япон хэл, соёлыг хурдан бөгөөд гүнзгий шимтэн сурч, үүний зэрэгцээ төрөлх нутгаа үргэлж сэтгэлдээ тээн, олж авсан мэдлэг, чадвараа эх орныхоо хөгжлийн төлөө зориулах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Тиймдээ ч Японд сурсан оюутнууд өөрсдийн туршлагадаа тулгуурлан “Үүнийг л Монголд нэвтрүүлэх юмсан, энэ л манайд хэрэгтэй байна” гэсэн зүйлсээ япон хүмүүстэй хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа нь харагддаг.
Японд сурч байсан монголчуудын санаачлагаар Монголд Япон загварын технологийн боловсрол /Коосэн/, мэндлэх хүндлэх ёс, анги танхимын цэвэрлэгээ болон сургуулийн үдийн цайны дэг, дугуйлан, клубуудын үйл ажиллагаа, байгалийн ухааны хичээлийн туршилтууд, соробан, радио гимнастик, тэгш хамруулан сургах зэрэг олон санаачлагууд сургуулийн орчинд өргөжин дэлгэрч байна.
Японы боловсролын онцлогийг нэг үгээр хэлэхэд хэцүү ч гэлээ, япон хүний хувьд мэдээжийн мэт энгийн, анзаарагдамгүй тэр үнэ цэнийг монголчууд олж харж, зөвхөн хэлбэр бус түүний философи буюу мөн чанарыг гүн ойлгон, монгол хүний халуун хүсэл тэмүүлэл, хүчин зүтгэлээр өөрийн гэсэн онцлогт тохируулан нутагшуулж буй нь ач холбогдолтой санагддаг.
-Олон улсын нөхцөл байдал амаргүй, улс орнууд батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэхээс эхлээд энэ салбарыг бэхжүүлэх ажлыг шууд болон шууд бусаар авч хэрэгжүүлж эхэллээ. Саяхан манай хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан. Эндээс хоёр тал ямар үр дүн хүлээж байна вэ?
-“Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн талаар асууж байна гэж ойлголоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр миний бие Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын хамт тус хэлэлцээрт гарын үсэг зурснаар, нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, улмаар нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон билээ.
Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх үйл ажиллагаа нь Япон болон түүний холбоотон, үзэл санаа нэгтэй улс орнуудын хоорондох итгэлцлийн өндөр түвшний харилцаанд тулгуурлан хэрэгжих боломжтой.
Япон, Монголын батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа нь 1990-ээд оны сүүлчээс Япон Улсын Батлан хамгаалахын их сургууль болон Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудад Монголын Зэвсэгт хүчний сонсогчдыг хүлээн авч суралцуулснаар эхэлсэн
2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурснаас хойш эрчимтэй хөгжиж, өндөр дээд түвшний айлчлал, хүний нөөцийн бэлтгэл, хуурай зам болон агаарын цэрэг зэрэг төрлийн цэрэг хоорондын хамтын ажиллагаа, инженерийн цэрэг хийгээд цэргийн төв эмнэлэг дэх чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр, хамтарсан сургуулилтад оролцох зэрэг олон салбарт жилээс жилд өргөжин хөгжиж, итгэлцлийн харилцаагаа бэхжүүлж байна.
Эдгээрийн үр дүнд дээр дурдсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн Япон, Монголын үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031)”-т батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай заалт тусгагдан, хэлэлцээр хүчин төгөлдөр болж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдлээ.
Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх ажлыг саадгүй хэрэгжүүлэхийн тулд бид цаашид ч Монгол Улсын Засгийн газар болон Батлан хамгаалах яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллана.
-Мэдээж салбарын хамтын ажиллагаа ярьсных эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар асуухгүй байж болохгүй шүү дээ. Эдийн засгийн хувьд харилцан тэнцвэртэй хамтын ажиллагааг бий болгоход юун дээр анхаарах шаардлагатай гэж та үзэж байна. Ялангуяа шинэ тутамд эхлүүлсэн харилцааны энэ шатанд эдийн засгийн ямар боломж байна вэ?
-2022 оноос хойш “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл”-ийн хүрээнд хоёр орны харилцаа улам өргөжсөөр байгаа бөгөөд эдийн засгийн салбарын хувьд ч цаашид Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь баттай юм.
Сүүлийн үед, ялангуяа Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулах тус салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих салбарт онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж байна.
“1000 инженер” төсөл нэрээр хэдийнээ танигдсан Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих хүрээнд 1000 оюутныг Японд суралцуулах, дотоодын инженерийн чиглэлийн их сургуулиудад судалгаа хийх орчныг сайжруулах дэмжлэгийг үзүүлж ирсэн. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих-Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн хүрээнд байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг урт хугацааны зээлийн санхүүжилтийг олгох замаар дэмжиж ирсэн.
Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 165 тэрбум иен /ойролцоогоор 1.1 тэрбум доллар/-ийн тэнцвэргүй байдалтай байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын экспортын төрөлжилт хангалтгүй, нэг салбараас хэт хамааралтай бүтцийг шинэчлэн, аж үйлдвэрийг төрөлжүүлэх нь чухал юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Япон-Монголын төр, хувийн хэвшлийн Ⅺ зөвлөлдөх уулзалт”-ад хоёр орны Засгийн газрын дипломат болон худалдааны байгууллага, бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд дижитал, эрүүл мэнд болон гарааны бизнес зэрэг салбарыг хөгжүүлэх боломжтой гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн.
Түүнчлэн, 2016 онд хүчин төгөлдөр болсон Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ тарифын бус хориг саадыг бууруулж, бизнесийн орчныг таатай болгох талаар хоёр орны Засгийн газар болон бизнес эрхлэгчийн хүрээгээр зогсохгүй өргөн хүрээнд санал бодлоо тогтмол солилцох нь чухал юм. Хоёр орны бизнесийн харилцаа улам тэлж, харилцан ашигтай байх түншлэлийг улам өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Базарбямбын НЯМСҮРЭН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.