Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газрын хуралдаан дээр Сангийн яамнаас 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ оны улсын төсвийн орлого, зарлага хэвийн байна. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелсэн байна. Санхүүжилт хэвийн байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орсон орлого 2024 оны нэгдүгээр сар давж, төсвийн орлого дээр бичигдэж байсан. Тийм учраас 2024 оны нэгдүгээр сарын орлого өндөр гарч байсан. Энэ жил орлого нэлээд шахаж, 2025 оны нэг, хоёрдугаар сарын төсвийн орлого төлөвлөгөө хэвийн хэмжээндээ 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Мэдээж энэ нь таатай үзүүлэлт биш. Эхний хоёр сарын байдлаар төсөвт томоохон цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх үү гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцөлийг тусган өгсөн байдаг. Түүн дунд орлоготой холбоотой заалт байгаа. Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийх нөхцөл үүснэ гэж байгаа. Энэ жилийн төсөв алдагдалгүй батлагдсан. Тэгэхээр энэ төсөв дээр орлого дутсанаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй. ДНБ-ий гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг. ДНБ 95 их наяд төгрөгт хүрсэн. Үүний гурван хувь нь гурван их наяд төгрөг бөгөөд энэ хэмжээний орлого дутах нөхцөл огт үүсээгүй байна. Төсвийн тодотгол хийх талаар ярих нь эрт байна. Харин үүний оронд богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулахаар болов.
Гаалийн мэдээгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцолъё. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард бид нийт 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 11.5 сая тонн гаргачихаад байна. Зэсийн баяжмал дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонн, алтны хувьд 1850 ам.доллароор төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд байна. Энэ бол боломжийн цонх хугацаа. Төв банкнаас энэ үеийг сайн ашигласан байна. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байна. Зөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа. Энэ жил 18 тонн алт Төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа. Өмнө нь бид 22 тоннд хүргэж байсан. Бид энэ хэмжээнд хүргэдэггүй юм аа гэхэд 20 тонноор нэмэхэд 700 гаруй сая ам.долларын нэмэлт нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм учраас бид экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, импортоо эрэмбэлж хязгаартай байх, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авч, экспортоо нэмэх боломжийг эрэлхийлж ажиллана. Бүх боломжоо дайчилж ажиллана.
Энэ онд манай дотоодын эдийн засагт гадаад нөхцөл байдал хэд хэдэн сувгаар нөлөөлж болзошгүй. Үүний хүрээнд бүх шатны Засаг дарга нар үнэ тариф нэмсэн шийдвэр гаргахгүй байх шийдвэр гаргасан.
Төвбанк инфляцыг нам дор байлгах бодлогоо явуулж байна. Харин эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц дээр анхаарах нь Засгийн газрын ажил. Бид аль болохоор эдийн засгийн өсөлтийг хадгалах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах чиглэлд ажиллана.
14 мега төслийг эрэмбэлсний дүнд гаргаж ирээд, УИХ-аар батлуулсан. Нэг дор хөдөлчихгүй. Бүгд улсын төсвөөр явахгүй. Иймд 14 мега төслийг аль болох хурдан эхлүүлж байж үр шимээ хүртэнэ. Юу юугүй төсөв тодотгох, урсгал зардлаа танах, зарим үйл ажиллагааг доголдуулах шаардлага байхгүй, ийм нөхцөл үүсээгүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.