УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн санаачилгаар "Гэр бүл хамгаалал-шийдэл" Үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсож, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах эрхэм зорилгын дор “ГЭР БҮЛ ХАМГААЛАЛ-ШИЙДЭЛ” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн дэд сэдэв:
1. “Орчин цагийн гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлууд ба шийдэл”
Энэ хэлэлцүүлэг нь Гэр бүлийн үнэ цэн, эрхэмлэл, үнэт зүйл, гэр бүлд хандах хандлага, итгэх итгэл үнэмшлийн өөрчлөлт, шинэчлэл түүний үр нөлөөний талаар санал солилцоно. Зөвхөн монгол гэр бүлд л өвлөгдөн ирсэн, цаашид хадгалан үргэлжлүүлэх үнэ цэнтэй соёл уламжлал болон орчин цагийн гэр бүлийн хөгжилд гарч буй шинэчлэл, өөрчлөлт, хөгжил төлөвшлийн суралцам, хэвшүүлэм, сайн жишээ, эерэг шинэ хандлагуудын талаар харьцуулан авч үзэж, анализ дүгнэлт хийх замаар өнөөгийн Монгол гэр бүлийн хамгаалал шийдлийг тодруулахад чиглэнэ.
2. “Гэр бүлийн тухай хууль ба гээгдсэн эрх”
Энэ хэлэлцүүлэг нь Гэр бүлийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох сайжруулах талаар төрийн байгууллага болон иргэдийн саналыг сонсож, шийдэл олоход чиглэнэ.
3. “Гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд хамгаалал-шийдэл”
Энэхүү хэлэлцүүлэгт хамтран зохион байгуулагчаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ХЭҮК, ЦЕГ оролцож байна.
Хэлэлцүүлгийн 1-р шатыг эндээс үзнэ үү.
Хэлэлцүүлгийн нээж санаачлагч УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэллээ.
Тэрбээр, “Гэр бүл хамгаалал-шийдэл” үндэсний хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид та бүхэндээ сар шинийн баярын мэнд, мөн Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хамтатган хүргэж, улс оршихуйн үндэс болсон гэр бүл бат байж, гэр бүл оршихуйн үндэс болсон хос баганын нэг эмэгтэйчүүд маань хайрлагдаж бас хайрлаж, хамгаалагдаж бас хамгаалагч нь байж, инээмсэглэж бас инээмсэглэлийн шалтгаан болж явахыг хүсье.
Гэр бүл хамгааллын хамгийн эхний шийдэл нь “Гэр бүлийн тухай нэгдмэл ойлголт мэдлэгтэй, нэг зүг харсан зорилготой” болох явдал юм хэмээн үзэж, өнөөдрийн “ГЭР БҮЛ ХАМГААЛАЛ-ШИЙДЭЛ” үндэсний хэлэлцүүлгийг санаачилсан юм. Санаачилгыг маань дэмжин, хамтран ажиллаж буй Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд талархаж буйгаа илэрхийлье.
Урилгыг маань хүлээж авсан Улсын Их Хурлын гишүүд холбогдох төрийн байгууллагуудын удирдлагууд, мэргэжилтнүүд, гэр бүл хүүхэд залуучуудын газрын 21 аймгийн төлөөлөл, гэр бүл судлаач эрдэмтэд, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын чиглэлээр идэвхийлэн ажилласаар ирсэн төр нийгмийн зүтгэлтнүүд, шийдвэр гаргагчид болон төрийн бодлого шийдвэрийн үр дүнг хүртэгч иргэдийн төлөөлөл, гэр бүлийн гишүүд та бүхэнд баярлалаа.
Бидэнд гэр бүлийн утга учир, үнэ цэнийн тухай, монгол гэр бүлийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийн тухай, гэр бүлд нөлөөлж буй хүчин зүйлсийн тухай, гэр бүлд хандах хандлага сэтгэлгээний өөрчлөлт, хамгаалан авч үлдэх, сайжруулах, бүрмөсөн шинэчлэх зүйлсээ ялгаж салгаж, эрэмбэлэн цэгцлэх хэрэгцээ шаардлага тулгараад буй тухай, гэр бүл хамгааллын бодлого шийдлийн тухай нэгдмэл ойлголт, цаг үеийн шинэ мэдлэг мэдээлэл нэн чухал юм.
Тиймээс гэр бүлийн өнөөгийн байдлын талаар эрдэмтэн судлаачдын илтгэл мэдээллийг хамтдаа сонсож, асуудал шийдлээ хамтдаа хэлэлцэж, ирээдүйн монгол гэр бүлийн хөгжлийн бодлогыг үндэс сууриар нь харж, дүгнэн шинжиж, цаашдын зорилгоо тодруулцгаая хэмээн уриалахаар шийдлээ.
Хэлэлцүүлгийн 2-р шатыг эндээс үзнэ үү.
Эмэгтэйчүүд бид гэр бүл үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөөх хамгаалал-шийдлийн зорилгод нэгдэх цаг болсныг “Гэр бүлийн орчны аюулгүй байдал алдагдсан, эмэгтэйчүүдийн болоод хүүхдийн эрхийн зөрчлөөс үүдэлтэй сэтгэл сэрдхийм үйл явдлууд, тоо баримтууд” сануулсаар байгаа. Ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд та бид өөрсдийн эрхээ хамгаалуулахын төлөө тэмцэхийн зэрэгцээ охид бүсгүйчүүд, үр хүүхдүүд, гэр бүлээ хамгаалахын төлөө нэгдэх, нэгдмэл ойлголттой, нэг зорилготой болох зайлшгүй шаардлага бий болоод байна. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хамгаалдаг байя. Ганц өөрийн хүүхдээ бус монголын бүх хүүхдийг хайрлан хамгаалъя. Бүгдээрээ нийлж, гэр бүлээ хамгаалъя. Гэр бүл гэдэг энэ хоёрхон үгэн дотор та бидний амьдралын бүхий л эрхэм нандин зүйлс багтаж байгаа. Бүх гэр бүлийн, бүх монголын эрхэм нандиныг хамгаалах тийм их хүч та бидний сэтгэл зүрхнээс ундарч чадна аа.
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Гэр бүл хамгаалал-шийдэл” Үндэсний хэлэлцүүлгийг санаачлах болсны учир шалтгаан энэ юм.
Нийгэм цаг үеийнхээ харанхуйг, төрийн бодлогын харалганыг, цаг үеийн хэцүү бэрхийг гайхан бухимдаж суух биш засан сайжруулах арга замыг хамтдаа эрэлхийлцгээе гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.