Дуучин Б.Баярцэцэгийн DIVA тоглолт ASA ARENA-д 3-р сарын 7, 8-ны өдөр болно.
Дуучин Б.Баярцэцэг:
-Тоглолт хийхийн утга учир нь намайг сонсох дуртай, надад итгэж уран бүтээлийг минь дэмждэг хүмүүс нийлсэн том баяр байдаг. Миний тоглолтыг тэсэн ядан хүлээдэг маш олон сонсогч бий. Манай тоглолт зохион байгуулдаг, тайз засал хийдэг, дуу техникийн ажилтнууд Монголд байгаа хамгийн шилдэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэйгээр ур чадварын өндөр түвшинд тоглолтуудыг зохион байгуулж чаддаг. Тэр ч бүү хэл байгаа техник, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаас давсан зүйлийг ч хийж чадна. Тэгэхээр урд өмнө байгаагүй ийм гэж би хэлмээргүй байна. Ерөөсөө хүн бүр өөрийнхөө нөөц бололцоог тултал ашиглан ажиллаж байгаа. Миний тоглолтын тухайд дандаа сайжирч явдаг. Амьд хөгжимтэй дуулж, хүн болгонтой шууд харьцаад явахаар амьд харилцаатай тоглолт болдог. Хөгжмийн төгс дуугаралтыг таашаадаг учраас хамгийн шилдэг хөгжимчидтэй хамтарна. Миний бүх дууг даган дуулж байгаа үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг мэдрэх маш сайхан. Би олон жил дууллаа, олон ч тоглолт хийсэн байна. Бүтэн жилийн хугацаанд нэг удаа болох энэ тоглолтыг л хүлээж дуулдаг юм шиг санагддаг шүү. Уран бүтээлчийн замналаа дуусгахгүй байхын нэг утга учир жилдээ нэг болдог энэ тоглолтыг төлөө юм шиг санагддаг болсон.
Миний сонсогчдын 99 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Дуучны замналынхаа 25 жилийн 20 жилд нь тасралтгүй тоглолт хийсэн гэж үзвэл үзэгчдийн 99 хувьд нь эмэгтэйчүүд сууж байхыг хардаг байлаа. Үүнийг эргэн санаад би маш их баяртай байдаг. Бас нэг шалтгаан нь энэ өдөр эмэгтэйчүүд бидний баярын өдөр. Хэдийгээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” гэдэг албан ёсны нэршилтэй ч монгол бүсгүйчүүд бид баяр гэдэг агуулгаар тэмдэглээд суржээ. Би цэцгэнд маш их дуртай. Тэр цэцгээ харах гээд дуулдаг ч байж магадгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.