1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар манай улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг. Энэ нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь болж жил жилийн энэ өдрийг тэмдэглэлт өдөр хэмээн үзэх шийдвэрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар гаргаж байжээ.
Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь хэмээх бичиг” сониныг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлүүлж, төрийн байгууллагуудад тараадаг байсан түүхтэй. Тус сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн үздэг.
Эдүгээ Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд 68 дугаарт жагсч байна.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4378 хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор. Тэдний 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байгаа бол тавны нэг хувь нь мэдээллийн сайтад ажиллаж байна.
2024 оны судалгаагаар манай улсад телевиз-111, сонин-51, сэтгүүл-41, радио-45, вэбсайт-186 байгаа нь нийт 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаа гэсэн үг.
Технологийн хөгжлийг дагаад 2014 оноос сонин, 2019 оноос телевиз, 2021 оноос радиогийн үйл ажиллагаа хумигдаж эхэлжээ. Үйл ажиллагаа явуулж буй дээрх ХБХ-ийн тоо буурснаар тухайн чиглэлд ажиллагсад мэдээллийн сайт болон цахим орчны үйл ажиллагаа руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэн судалгаа гарчээ.
Шинэ цагийн технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж буй нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон редакци, сэтгүүлч, ахмад буурлууддаа Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 112 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.