Газар доорх агуулахад ганцаархнаа 25 жил амьдарч буй Б.Энхтогтох гуайг манай нэвтрүүлгийн баг зорилоо.
Тэрбээр Дорнод аймгийн Гурванзагал сумын Өлөнт гэх алс талыг 37-хон насандаа зорьж, өдийг хүртэл аж төрж байна. Залуу насандаа дэгэж дэрвэж явсан тэрбээр 1977 оны зургаадугаар сарын 17-ны өдрийг хэзээ ч мартдаггүй. Энэ өдөр түүний амьдралд архи, тамхи, гитар гурав орж ирсэн учир. Ингээд 14-хэн насандаа бор дарсны амтанд орсон тэрбээр архинаас, үхлээс зугтааж тус газар иржээ.
Залуудаа алдаж оносон ч “Залуу насаа муулахгүй” хэмээнэ. Б.Энхтогтох гуай одоо 62 настай. Удамд нь 63 насыг давсан хүн байхгүй хэмээн сэтгэл зовинон өгүүлнэ.
Гэсэн ч “Миний бие цоо эрүүл. Айх зүйлгүй 100 насална. Өлөнтөд би домог, түүх болно” хэмээн ярих түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн авч үзнэ үү.
62 настай иргэн Б.Энхтогтох:
-Наран ургах зүгийн Дорнод аймгийн Чойбалсан хотын уугуул. Өнөө бол Гурванзагал сумын суугуул. Рашаант багийн Бавуузайн Энхтогтох гэдэг хүн байна. 62 насны сүүдэр зооглож байна даа. Аав, ээжээсээ есүүлээ. Би тав дахь хүүхэд нь. Сургууль соёл гэх юм бол 1971 онд Дорнод аймгийн нэгдүгээр арван жилд наймдугаар анги төгссөн. Дараа нь “Есдүгээр ангидаа орохгүй” гэж гүрийгээд Барилгын ТМС-д суугаад, цэргийн албанд явсан. Хот руу ороход Амгаланд байдаг Барилгын цэргийн ангид бүтэн жил арьсаа хуулуулаад, сүүлийн хоёр жилд нь арай гэж ирсэн. “Барилгын цэрэг тонгой” гэнэ. Лоомоор хусдаг. Зүгээр тоосгоор цохих юу ч биш. Би чинь ажил хийж үзээгүй очсон юм чинь. 18 настай хүүхэд чинь юу ч мэдэхгүй очиход арван тоосго үүрүүлээд яг траншейны нүхэн дээгүүр банзан дээгүүр явна. Арван тоосго үүрээд явахад салгалж байгаад унагаахаар дутуугийнхаа төлөө шанаадуулна. Хүн даадаг л юм байна лээ.
Цэргээс ирээд гурилын үйлдвэрт ажилд орсон. Тэгээд халтираад 1984-1990 он хүртэл нээх сайхан яваагүй ээ. 1989 онд нэг эхнэр аваад, гурван жил амьдраад салсан. Тэгээд дахиж эхнэр аваагүй. Нэг хүүтэй. Хүү одоо аймагт амьдардаг. Хоёр ихэр, нэг охин гурван ачтай. Одоо дөрөв дэх ач таван сард төрнө.
21-27 насны амьдрал яагаад халтирчихав аа. Халтирна гэдэг чинь архинд орсон гэсэн үг үү?
-Архинд ч орсон. Бас муугаа мэдэхгүй хоёр гартай, хоёр хөлтэй байсан болохоор атаман болох гэж оролдсон байх гэж санадаг юм. Тэрийг 50 наснаас хойш л бодсон л доо. Ганцаараа хүн чинь бодно шүү дээ. “Тогтох оо, чи яагаад ингээд сууж байна вэ” гээд.
Уг нь нэг ногоо зарж үзсэн юм. Бараагүй. Сургуульд ороогүй таван настай хүүдээ хилийн ногоо орхичихоод тэгээд л өөрөө яваад өгнө. Тэгж яваад л сүүлдээ ногооны ченжийн грушиг болсон доо. Бараг 30 хүнсний боссуудын туслах байсан даа. Намайг оосорлоно. Ажлаа хийлгэх гээд. Тэгээд л ачаагаа буулгуулах гэж шүү дээ. Шинэ жил, цагаан сар, март гэхэд чинь ачаа их ирнэ шүү дээ. “Яг сурсан бол, халтираагүй бол өнөөдөр ингэж явахгүй” гэж найзуудын хэлдэг үнэн шүү. Би зургаан жил онц сурсан хүн. Харамсаж болохгүй л дээ. Харамсах юм юу ч байхгүй. Заяа нь тэр юм чинь.
1977 оны зургаадугаар сарын 17-ны өдрийг би хэзээ ч мартахгүй. Архи, тамхи, гитар гурав нэг л өдөр орж ирсэн.
Би аав, ээждээ үнсүүлээд, арван төгрөгтэй хүн консерва, талхаа аваад гол ордог. Архи, тамхи мэдэхгүй шүү дээ. Томоотой хүүхэд чинь. Тэгсэн манай найз баян айлын хүүхэд юм чинь хоёр архи тавьчихаад, тамхи татаад хахаж ханиан, архи уугаад хахаж цацна. Тэгээд учраа мэдэхгүй явахад хоёр сахал нь ургасан хүнийг зодоод л монголжихоор нь би халтирна биз дээ. “Энэ чинь зөв амьдрал юм байна” гээд. Юун сургууль вэ. Миний муу ангийн охид чинь мундаг шүү дээ. Хөөцөлдөөд л гүйхэд би зугтаагаад л яваад өгнө. Одоо бодоход нээрээ харамсаад яах вэ дээ.
Тэр болтол л номын сангаас салдаггүй. Ном шагайгаад салдаггүй. Шалгалт өгөхөд A, Б, В вариант бүгдийг нь бичээд тараагаад будаа идүүлээд л явж үзсэн. Миний ангиас 34-үүлээ. Наймдугаар анги төгсөхөд сүүлд сонсоход 23 хүүхэд дээд сургууль төгссөн гэж байгаа юм. Би будаа идүүлээгүй бол тэд нар тэгээд ойчно шүү дээ. Нэрээ бараг бүтэн бичиж чадахгүй хүүхэд л есдүгээр анги төгсөж байна шүү дээ. Боловсрол нээрээ ялзарсан шүү. 1990 оноос хойш. Би 1971 онд бэлтгэлгүй есдүгээр сарын 1-нд ороод арваннэгдүгээр сарын 25-нд үсэглэлийн баяраар минутад 125 үг уншиж байсан. Тэгэхэд би Гурванзагал суманд хуурай дүү нарынхаа гуравдугаар ангийн хүүхдийг унш гэхэд минутад 19 үг уншиж байна лээ.
-Түүнээс хойш 30-аад насны амьдрал үргэлжилнэ. Тэр үед ямар залуу байсан бэ?
-Үнэхээр доошоо. Зүгээр л бор дарс л эргүүлдэг. Надад мөнгө байх шаардлага байхгүй аймагт. Өглөө зах орно. Орой тарна. Тэр сонин биш байсан байхгүй юу. Тэгэхэд миний багийн гурван найз над дээр ирж байгаа юм. “За Тогтох оо Өлөнт гэж газар байна. Тэнд манаач хэрэгтэй байна” “Явъя аа” л гэсэн. Би түрүүнд ярьдаг тэр 17-хон км газарт л би болохгүй байсан байхгүй юу. Буруу замаар ороод явчих гээд.
Тэгээд л 37-хон насандаа би энд ирсэн дээ. Намайг яах вэ дээ хөөрхий халтирчих вий гээд л “Явах уу” гэхэд нь би “Явъя аа” л гэсэн.
Тэгээд энд би 12 жил манаач хийсэн. 2012 онд дуусаад хавтангийн сэгүүдийг цохих хүн нь би ганц. Эндээ анх ирэхдээ л дуртай байсан. 2000 оны намар аравдугаар сард ирээд харахад энэ чинь битүү (агуулах) элсээр дараатай байсан. Дээгүүр нь мөлхөж орохоор хийгээд хоёрхон тоосго авч ороод л ганцхан тавын данх үлдчихсэн. Тэндээ цай чанаж уугаад л, жоохон цуйван хийж идээд л өглөө нь ухаад л ийшээ орсон доо.
Өөрөө би боддог юм намайг ирэхэд ишиг, хурга хоёрхон мянга байсан. Би хүнд мөнгө зээлүүлдэг байсан. Ах нь “Үхэхийн хооронд мал хэрэггүй ээ” гэдэг байсан. Гэтэл үхээгүй л 25 жил болсон байна. Энэ хэдэн жимээр чинь тарваганы хавх тавиад л туулайгаа бариад идчихнэ. Нэг туулайгаар таваг хоол хийгээд идчихнэ. Наддаа л хонь шүү дээ.
-Нэг ёсондоо та архинаас зугтааж ийш ирсэн байх нь ?
-Тийн. Үхэхээсээ зугтаасан байхгүй юу. 1990-2000 оны хооронд арван жилийн дотор би Дорнод аймагт зах дээр миний унтаагүй газар байхгүй. Ёстой хужаагийн ямар ууттай хор байдаг юм бүгдийг нь уусан. 30 хэдэн шагчин байсан. Тэгэхэд ер нь “Зайлъя” гэж бодсон. Хэрвээ би аймгаас 2000 онд гараагүй бол өдийд та нартай ярьж суухгүй. 2001 онд ч гэсэн яваад л өгсөн байгаа. Эндээ л баярладаг байхгүй юу. Агаар нь цэвэр. Шүр захтай адилхан тав алхаад л архи таарахгүй биз дээ. Тэр нь гоё байхгүй юу. Тэгээд л бодсон. Ирээд нэг, хоёр жил болоод “За Тогтох оо, эндээ л ясаа тавина”. Одоо дүү нарыгаа цаашлуулдаг. “Ганц, хоёр арц, хүж асаагаад үүдийг нь шороогоор дарчих. Монгол Улсад Д.Сүхбаатар, Х.Чойбалсан бунхантай бол би дутахгүй ээ” гэж. Тэгж л ярьдаг хүн. Наргиа ч гэсэн.
Эндээ аягүй дуртай. Ямар ч шөнө бай, ямар ч гэрэлгүй бай салгалж ирээд л гэрлээ асаагаад л галаа түлээд л. Ямартай ч шөнө босоод хоол идье гэхэд хөрөөгүй цуйван байж байгаа юм чинь. Жоохон 60 гараад давраад байна даа. Уг нь танагтай байсан юм. “63 насныхаа жилээс айгаад байгаа юм уу” гэж өөрийгөө боддог юм. Ер нь ямар ч хүн бодно. Удам нь зогсчихдог юм чинь. Тэгэхэд тэрийг давна гэж хүн болгон л боддог байх. Миний ах, аав, ээж, өвөө, эмээ ч бодож байсан байх. Тэрийг сонсчихоод жоохон түгшүүртэй юм шиг байдаг болчихлоо.
Манай ах 63 хүрээгүй. Аав, ээж хүрээгүй. Өвөө, эмээ хүрээгүй. Өндөр өвөө, эмээ хүрээгүй байхгүй юу. Тэгээд цаашаа би. Хүүхэд байхдаа ойлгоогүй. Тэгэхээр чинь ойлгомжтой шүү дээ. Нэг ч хүн манайхнаас даваагүй. Надад айх шаардлага байхгүй. Хорт хавдартай гээд надад онош гарсан уу, байхгүй шүү дээ. Надад айх юм юу ч байхгүй. Ганцхан айдаг юм мотоциклиос. Энэ хавийн залуучууд бүгд хэлдэг. “Зөнөж үхсэн өвгөн давхидаг” гэж байгаа юм.
-Эндээ “Домог болно” гээд байгаа биз.
-Домог болно. Түүх ч болно. Магадгүй 22-р зуун хүрдэггүй юм аа гэхэд талд нь болтол намайг мартахгүй. Энэ Өлөнтийг л харсан хүн үр хүүхдэдээ хэлнэ шүү дээ. “Энд чинь тийм хүн байсан” гэж хэлэх байх.
Ганц бахархууштай нь хулхи байгаагүй. Хулгайч байгаагүйдээ л хөнгөрнө шүү дээ. Амтай юм чинь жоохон 100 татаа л биз. Ганц онцлог нь үнэнийг шууд хэлчихдэг. Буруутай хуйвалдах дургүй. Аав, ээж минь тэгээд өсгөсөн юм чинь яах юм. Аав, ээж жоохон сулхан байсан бол би ямар ч яваа юм билээ.
-Ганцаараа хүнд зав байхгүй гэж та өдөрт юу хийх үү?
-Зав байхгүй. Хүн амьд л байгаа бол юм болгон хэрэгтэй тийм үү. Төв газар шиг дэлгүүр хоршоо гүйхгүй нь лав. Адаглаад та хэдийг ирэхийн өмнө мотоциклио асаагаад хөдлөхөд л хоёр шуудай нүүрс байхгүй юу. Тэгээд л наашаа явахдаа энэ хоолойд байгаа үртэсүүд хавар болж байна. Тугалын баас түүхээр болж уу үгүй юу. Үрүүлд 25-ын шуудай уяатай байгаа. Бүх шуудай амсар дээрээ уяатай эмжчихсэн байгаа шүү. Би айлд тийм юм хараагүй шүү. Тал нь шатчихсан, мяндас нь хөвөрчихсөн юм л гал руугаа хийчихдэг. Тэгээд улсууд “Нямбай” гэдэг юм. Миний нямбайдаа биш. Удам л байхгүй юу.
Энэ бол Оросын нууцын нууц зэрэглэлд байдаг айхтар бодисын агуулах. Энэ ашиглалтад ороогүй. Байгууламж дуусаагүй юм чинь юун зэвсгээ авчрах вэ дээ. Цөмийн зэвсэг гэдэг чинь зүгээр нэг цэргийн ангид байдаг эд биш. Цөөхөн байдаг эд. Аль хэрэгцээтэй газартаа л нэг, хоёр скалад. Тэр нь энд л байсан байна лээ.
-Одоо таны амьдарч байгаа хэсэг барагцаагаар 8 метр квадрат уу?
-За бараг л тийм л байгаа.
-Арай том тасалдаг байж гэж бодсон уу?
-Үгүй. Том бол түлээний гарз.
-Хувцсаа яаж угаадаг гэнэ ээ ах аа?
-Том канестерт воок, ус хийгээд л гараар угаахад арай хатуухан эдийг хийгээд л давхидаг юм даа. Мотоцикл дээр ганзагнаад л давхина. Нэг, хоёр хоног ч хонож магадгүй.
Орой улсууд фейсбүүк ухдаг биз дээ. Би долгион ухна. Өвөрмонголын гурван сувгийг эрж эрж байгаа л нэг барина. Заримдаа ч гоё барина. Заримдаа ч байхгүй ээ. Аргагүй л их гүрэн дотор дээрэлхүүлдэг юм байна лээ.
-25 жил тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байна уу?
-1974 оноос. Ердөө элдэв бусын явсан хар, улаан цэрэг хаа ч байсан бүгд бичээтэй. Зодуулсан, зодсоноо ч бичнэ. Уусан, тасарсанаа ч бичнэ. Баярласнаа ч бичнэ. Жирийн малчин ороод гарсан ч би бичнэ. Асуугаад л хаанахынх хэн юм. “Огт танихгүй нэг залуу ирлээ дээ. Сарын өмнө алга болсон адууг л эрж яваа гэнэ. Үнэн юм болов уу. Худлаа юм болов уу” гэнэ. Тэгээд л хаагаад хаячихна. Наадахыг чинь бичүүлэхийн тулд дүү минь дэвтэр таслахгүй ээ.
Б.Энхтогтох гуай дүү Б.Ичинхоролын хамт
Улсууд “Нүх” гэж ярьдаг юм. Би гайхдаг юм. Яг би үзээгүй байна. Тохойн чинээ суугдсан газрыг нүх гэдэг юм болов уу. За яах вэ нэг шонгийн нүх байж болох юм. Намайг “Нүхний хар, шар аа гэнэ үү. Овгор шорооны Тогтох оо гэнэ үү” надад хамаагүй шүү дээ. Надаас юу ч хорогдохгүй. Жоохон хүүхэд биш дээ. Намайг чинь хүүхэд байхад “Еэ еэ бөө вөө” гэдэг байсан. Одоо тэгж мэдэхгүй л дээ хүүхдүүд. 50,60 нас хүрчихээд тэгж яриад байгаа шүү дээ. Би тэд нар дээр очоод атга гурил, чимх давс гуйгаагүй. Архи ч гуйгаагүй. Тамхи ч гуйгаагүй. Тэгэхэд уучихаараа жоохон хүүхэд шиг “Нүхний хар аа сайн уу”. Ичмээр. Би ямар ч амьдралтай хүнийг тэгж цоллохгүй дээ. Надад тийм тархи байхгүй.
-Таныг наймдугаар ангиасаа хойш архи, дарс уугаад байхаар аав чинь алганы амт үзүүлдэггүй байсан юм уу?
-Хнн. Миний аав чинь жинхэнэ зандалчин хүн байсан юм. 1923 онд Баянхонгорын Өлзийт суманд төрсөн хүн. Айлын гурван хүүгийн бага. Аав, ээж нь баяны зарц байгаад үхсэн юм байна лээ. Хоёр ах нь барлаг байгаад зодуулаад үхсэн. Яг түүх нь. Тэр нутгийн мундаг өвгөн хүүхэд уйлаад байхаар нь орсон чинь миний аав үхсэн ахдаа хусам өгөх гээд сууж байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд миний аав чинь өөрөө зодуулаад өссөн хүүхэд чинь 1980 онд хүүгээ жинхэнэ зоддог байсан. Тэр нь зөв ч байсан байх аа даа.
Монгол хүн зургаараа явдаг гэдэг гэсэн. Зургаараа л явсан байх. Өнөөдөр 60 нас гарсан ч гэсэн би өөрийгөө залуу гэж боддог шүү. Хэдэн жилийм өмнө статистик тоо харсан. 134 хүн 100 нас давлаа гэсэн. 17-хон эрэгтэй байхад би харамсаж байсан шүү. Би 100 нас руу мөлхөнө өө. Би өнөөдөр 62 настай. 73, 83, 93 тэр 100 нас гарсан улсуудтай үзнэ ээ. Чадна л гэж боддог шүү. Өнөөдөр би эв эрүүл шүү. Энэ нутагт би домог болно. Түүх болно. Надад гомдох юм байхгүй. Би залуу насаа муулахгүй шүү. Тогтохоогийн өөрийнх нь.
Аав, ээжээ гомдоосон байх аа. Арчаагүй хүүгээ уучлаарай гэж аав, ээжээсээ гуйя. Аав, ээждээ дэндүү хайртай шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
,
ГАЗАР ДООРХИ АГУУЛАХ Ч ГЭХ ШИГ ! МАШ НАРИЙН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ ШҮҮ ! ХАУС КОТТЕЖ ЦААШАА БАЙГУУЛАМЖ
Хүний амьдралаа гэж сонин шүү.Өөрийнх нь үүх түүхийг дэлгэрэнгүй бичжээ.Их л өвөрмөц хүн юм даа.Үнэхээр архинаас зугтаж амьдралын төлөө зугтсан бна.Ашдын бэлэгээс амны бэлэг гэдэг зуу насалж зургаатай таяг туслаарай. хаяа төмөр замд ирсэн харагддаг..Их содон авьяастай хүн юм аа.
Mundag uhaantai hvn bnadaa urt naslaarai ta mini
Мундаг ах байна аа өөрийнхөөрөө гэдэг шиг амьдарч байгаа хүн байна
эр хүн
эр хүн байна даа
Эрийн хуйх байна аа 100 хүрнээ
Нэг л амьдрах амьдралд арчаагүй байж болохгүйг хойчдоо сургамж болго түүнээс таны амьдрал таных гэдгийн сайн ойлго хэнд ч гомдох хэнийг ч муутгах эрх танд байхгүй таны амьдрал таных шүү дээ хүн бай зөв бай хүндлэлтэй бай гэдгийг л ойлгуул
Урт наслаарай
Зовсоны эцэст жаргана гэж үг байдаг хүний эрхэнд зовлонгоос өөрийн эрхээр амьдрах сайхан шүү дээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье