СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 О.Алтангэрэл: MCS компани хэчнээн том байлаа ч дэргэдээ гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагатай байж болохгүй

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн даргын албан тушаал хашдаг, чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа З.Төрмандахыг баривчилсан билээ. Стратегийн ордод Засгийн газрын хувь эзэмшил тогтоохтой холбоотойгоор тус компанийн харьяанд байдаг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглаж буй Ухаа худагийн ордын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгосныг шалгахын тулд дээрх хүнийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 

-MCS компанийн нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын төр хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа буюу тусгай ажиллагаа явуулах эрхтэй. Өөр хэнд ч ийм эрх байх ёсгүй. Гэтэл хувийн аж ахуйн нэгж дэргэдээ хууль бус байгууллага байгуулж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг хууль бусаар олж авч болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ч ашиглаж болохгүй. Энэ хүрээнд сэжиглэгдэж тодорхой этгээдийг саатуулан шалгаж байгаа. Бусад мэдээллийг дэлгэж болохгүй. 

-Таны байгуулсан ажлын хэсгийн зорилго юу вэ? Хэзээ үр дүнд хүрэх вэ?

-2007 оны УИХ-ын тогтоолоор Стратегийн орд газарт хамаарч байсан Тавантолгойн орд газрыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр буюу ямар шийдвэрийн үндсэн дээр шилжүүлэн өгөв. Үүнд хууль зөрчигдсөн үндэслэл байна уу? Ямар хүмүүс оролцсон бэ, үйлдэл нь хууль зөрчсөн байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах үүрэгтэй ажлын хэсэг юм. Хууль зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл хүчингүй болно. Үүний дараа тухайн стратегийн орд газраа хэнд эзэмшүүлэх вэ гэдэг дээр Засгийн газар санал гаргаж, УИХ шийдэх юм. 

Хувийн хэвшилд буй стратегийн бүх орд газрыг шалгана гэсэн үг биш. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй байна.

-Та хувийн өмч хураана, цаашлаад уурхайг хүртэл хураана гэж ярьдаг. Энэ зөв үү?

-Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй болох ёстой. Харин хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хууль санаачилж буй нь үнэн. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс авилгачдын диваажин болсон. Одоо ийм зүйл байхгүй гэх агуулгаар хууль санаачилж байгаа болохоос бус хүний шударгаар олж авсан хөрөнгийг хураахгүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. 

-УИХ-ын сонгуулийн үеэр MCS-ээс хандив авсан олон улс төрч бий. Тэд таны ажлыг дэмжих болов уу?

-Ажлын хэсгийн дүгнэлтээс харагдана. Хэн ямар хандив авсан талаарх мэдээлэлгүй байна. Хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргаж Засгийн газарт танилцуулна. Олон нийтэд ч танилцуулна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.