Онцгой байдлын ерөнхий газраас гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Сүүлийн таван жилийн хугацаанд онцгой байдлын байгууллагад объектын болон ой хээрийн 15300 орчим түймрийн дуудлага бүртгэгдсэн. Эдгээр түймэрт 247 иргэн түлэгдэж 310 иргэн эндсэн . Жилийн дунджаар тооцоод үзвэл жилд 3000 орчим удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, эдгээрт 1200 орчим, гэр байшин өртсөн байна. Объектын гал түймрийн 60 гаруй хувь нь аймаг орон нутагт, 40 орчим хувь нь нийслэлд бүртгэгджээ. Гал түймрийн дуудлагын 80 орчим хувь нь иргэдийн хашаа, байшин, гэрт гарсан дуудлага байна.
Шалтгаан нөхцөлийн хувьд аваад үзвэл 53 хувь нь санамсар, болгоомжгүй байдлаас, 36 орчим хувь нь цахилгаан ашиглалт, угсралт, гэмтэлтэй утас хэрэглэсэнтэй холбоотой байна. Он гарсаар 490 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн. Үүний 57.8 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотод гарч буй гал түймрийн 70 гаруй хувь нь гэр хороололд гарч байна. Харин байшин хороололд гарч буй гал түймрийн 50 хувь хог хаягдлын улмаас гарч буй гал түймэр байна.
Сүүлийн таван жилд Монгол Улсад 621 ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Жилд дунджаар 120 орчим ой хээрийн түймэр гарч байна. 2024 онд 137 удаагийн ой хээрийн түймэр гарч, 2023 онтой харьцуулахад тохиолдлын тоо нь өссөн хэдий боловч унтрааж үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлсний дүнд түймэрт өртсөн талбай 50 хувь багассан. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр эрт хуурайших нөхцөл байдал үүссэн.
Сар шинийн баяраар обьектын гал түймэр болон гол мөсөнд эрсэдсэн дуудлага их ирдэг тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр Монгол орны 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна. Зудын нөхцөл байдлын үнэлгээгээр 10 аймгийн 30 сум цагаан зудтай, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.1 мянган малчин өрхийн 5.2 сая толгой малтай отор нүүдэл хийн өвөлжиж байна. Улсын хэмжээнд 6 аймгийн 3500 өрхийн өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. 12 аймагт 8000 орчим толгой мал хорогдоод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.