Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дахь “Хаан суудал” СӨХ-ны хариуцдаг 86 дугаар байрны хоёрдугаар орцны долоодугаар давхрын цахилгаан шатны эвдэрхий хаалгыг налсан гурван настай хүүхэд хонгил руу нь унаж нас барсан хэрэг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд гарсан билээ. Олон нийтийн сүлжээнд энэ хэрэг тухайн үедээ олны анхааралд өртсөн ч тэгсхийгээд мартагдсан.
Олон жилийн өмнөөс ажиллахаа больж, зогссон, мэргэжлийн хяналтын байгууллагынхны дүгнэлтээр ашиглаж болохгүй нь тогтоогдсон тухайн цахилгаан шатны орчны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ийм харамсалтай хэрэг гарсан юм. Уг хэрэгт холбогдуулж “Хаан суудал” СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Цэцгээ, эл холбооны гүйцэтгэх захирал М.Ганжуур нарыг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” хэмээн яллах дүгнэлт шүүхэд шилжүүлсэн аж. Тэдэнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сарын 8-нд хэлэлцээд Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалаар баталсан Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд заасан лифт эзэмшигч, ашиглагч байгууллагын удирдлага үүргээ биелүүлээгүйгээс хүний амь хохирсон гэм буруутайд тооцсон юм.
Улмаар дээрх СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Цэцгээд нэг жил зургаан сар, гүйцэтгэх захирал М.Ганжуурт нэг жил хорих ял шийтгэж, 88 сая гаруй төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч хоёр хүн, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2024 оны арванхоёрдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Цэцгээд оноосон ялыг багасгаж нэг жил болгон өөрчилсөн гэнэ. Харин Улсын дээд шүүх тэдний хэргийг өчигдөр нийт шүүгчийн хурлаар хэлэлцэх, эсэхийг хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Ингэснээр гурван настай хүүхэд цахилгаан шатны хонгил руу унаж нас барсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн “Хаан суудал” СӨХ-ны удирдах албан тушаалтан хоёр хүн анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон нэг жил хорих ялаа эдлэх болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.