Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар хэд хоногийн өмнө мэдээлэл хийж, "АН-ын дарга Л.Гантөмөрийг намын даргаас нь чөлөөлсүгэй" хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл АН мэдэгдэл гаргаж, "Т.Хасбаатарыг АН-ын гишүүн байсан ч одоо гишүүнчлэлгүй байгаа" хэмээн мэдэгдсэн юм. Энэ хүрээнд түүнтэй ярилцлаа.
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар:
-Монгол Улсын Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын тухай хуулийг зөрчиж энэ Засгийн газар байгуулагдсан. Л.Гантөмөрийг яагаад намаас хөөх ёстой вэ гэхээр яг МАН-ын дарга нар шиг, хуучин коммунист нам шиг социалист юм ярьж байгаа. Тиймээс намын гишүүдээ төлөөлж, асуудлыг тавьж байна.
Улс төрийн нам яах гэж сонгуульд ордог вэ. Засгийн газрын эрхийг барих гэж сонгуульд оролцдог. Гэтэл сонгуульд оролцоогүй юм шиг, цоо шинээр гарч ирсэн юм шиг Засгийн газарт хамтраад явж болохгүй. Сонгогчдоос асуух хэрэгтэй. АН-ыг сөрөг хүчин байгаасай гэж үзэх үү, эрх баригч нам байгаасай гэж бодож байна уу гэж асуух хэрэгтэй. Тэгэхээр сонгуулийн хуульд юу гэж байна гэхээр сонгуульд оролцож, олонх болсон нам Засгийн газраа байгуулна гэж заасан. Ерөнхий сайд нь кабенитаа бүрдүүлнэ гэж байгаа шүү дээ.
2024 онд иргэд, сонгогчдын зүгээс хүчтэй сөрөг хүчин байж, ард түмэндээ шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаасай гэж саналаа Ардчилсан намд өгсөн. Хоёрдугаарт, намын үзэл санаа, үнэт зүйлийг тээж яваа хүн нь намын дарга байдаг.
Гэтэл Л.Гантөмөр гэж этгээд Шадар сайд хэмээх өндөр албан тушаалд очоод Ардчилсан намыг бүхэлд нь МАН-ын халаасны нам болгосон байна. Тиймээс Л.Гантөмөр нь Ардчилсан намын дүрэм болоод үнэт зүйл, бодлого, үзэл санаанаасаа урвасан хүн болж байна. Л.Гантөмөр Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг цаашид авч явах чадваргүй болсон.
Би намаасаа олон удаа хөөгдсөн. Анх 2011 онд хөөгдөж байлаа. 2012 онд хөөгдөж байсан. Тэгээд намынхаа гишүүнчлэлээ сэргээгээд л явдаг юм. Мөн 2016 онд намаасаа хөөгдсөн. Явж байгаад 2021 онд намынхаа гишүүнчлэлээ сэргээлээ. Ер нь ардчилсан үзэл санаан дээрээ үнэн ч байх гэсэн шүүмжилсэн хүнд намын удирдлага дургүй боллоо. Дарга тойрсон нам болсон байна. Үнэт зүйлийг нь хэлчих хүнгүй болж байна. Ардчилсан нам ийм байж болохгүй л дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.