Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийжээ.
Хөтөлбөр ажлын 20 хоног үргэлжилсэн бөгөөд дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдсан юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 1600 хүүхдээс шалгарч, нэг сарын хугацаанд бүтээлч ажилласан оюутнуудад амжилт хүсэж үг хэлсэн. Тэрбээр, улс төрийн үйл ажиллагааг дүгнэж, төрийн ажил, улс төрийн ялгаа заагийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Төрөөс гаргаж буй бодлого шийдвэр иргэдийн амьдралд ямар чухал нөлөөтэй гэдгийг оюутнууд та бүхэн харлаа. Хамт ажилласан гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллаарай хэмээн захилаа.
Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулж, дадлагажигч оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан юм. Мөн оюутнууд УИХ-ын гишүүдийн ажиллаж буй Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд боловсруулсан зөвлөмжөө өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өглөө.
Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр, Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боломж олгосон Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархал илэрхийлье. Нэг баг болон асуудлыг хамтдаа судалж, шийдвэрлэсэн найзууддаа баярлалаа. Миний цээжинд яг одоо “Гайхалтай” бас “Хурдан” гэсэн хоёрхон үг байна. Олон зүйл сурч, мэдэж авлаа. Хүн бүр өөрийн гэсэн асуух асуулттай орж ирээд түүндээ хариулт авсан байх. Бид энэ хөтөлбөрийн анхдагч учир хариуцлагатай байж, дараа дараагийн оюутан залууст боломж олгоё. Зүгээр нэг хөтөлбөрийн төгсөгч биш хариуцлагатай иргэн байя гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.