Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Мөн бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг шинэчилж байгааг талаар мэдээлсэн юм.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр нэг, хоёрдугаар ангийн ерөнхий хөтөлбөрийг гаргаж, сурах бичгийн тохирцыг нь тааруулах ажлыг хийж байна. Ингэснээр, бага ангийн сурагчид есөн төрлийн хичээл үзэхээр тоог нь цөөрүүлсэн. Хоёрдугаар ангиас нь унших бичгийн хичээл, гуравдугаар ангиасаа англи хэл үзнэ, компьютерын ухаан орж эхэлнэ. Шинэ хөтөлбөр, сурах бичиг боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан хугацаандаа явж байгаа. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги болон 10-12 дугаар ангийн хөтөлбөр, сурах бичгийн суурь судалгааг хийж эхэлнэ. Бага сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлсний дараа дунд сургууль дээр хичээлийн тоог цөөрүүлнэ. Хими, физик, математик, биологийн хичээл заавал орно. Бага сургуулийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Зураг нь амин сүнс нь байдаг. Тиймээс сурах бичгийн зургийг мэргэжлийн монгол зураачдаар зуруулахаар төсвийг нь шийдэж байгаа. Өнөөдөр туршилтаар тохирцыг нь харж 27 сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын явцад сурах бичгийн зургийг интернэтээс татсан тохиолдол гарсан байсан. Цаашдаа энэ асуудал байхгүй болно. Зохиогчийн эрхтэй, монгол зураачийн бүтээлийг ашиглана. Агуулгын хувьд ажиглах, унших дасгал түлхүү орж ирнэ.
Түүнчлэн 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглохоор судалж эхэлсэн. 2024 оны 11-р сарын 29-нд Австрали улс 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд ялангуяа фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток зэрэг цахим сүлжээнд хандахыг хориглох хууль баталсан. Энэ хууль нь дэлхий дахины анхаарал татсан. Энэ хуулийг судлах, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийн заалт оруулах чиглэлээр судлах Ажлын хэсэг ажлаа эхлүүлсэн. Ийм суурь шинжтэй асуудлыг шийдэхийн тулд нийгэм, олон нийтээр хэлэлцэн зөвшилцөлд хүрэх хэрэгтэй.
Сүүлийн үед фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток сүлжээгээр хүүхэд насанд нь тохироогүй агуулгаар хүүхдийг уруу татах, хүүхдүүдийн хооронд цахим дээрэлхэлт үүсгэх зэрэг олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Энэ чиглэлээр би алхам хийхгүй бол оройтох нь ээ. Олон сөрөг үр дагавар гарч байна гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүхдийн цүнхэнд орж бгаа хичээлийн ном дэвтэр ус уух аяга хоол идэх аяга гээд дор хаяад 5кг дээш бна. Биеийн тамиртай өдөр гээд 1, 2 ангийн цүнх үнэхээр хүнд хүүхдэд үүрүүлэх битгий хэл эцэг эх бид нар үүрээд явахад хүнд шүү. Дунд анги мөн адил. Анхаарч өгнө үү