УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, түүний гэр бүлийн хүн болох Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ нэг сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал” хэмээн ярьсан билээ.
2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд уг асуудлыг нээлттэй сонсголоор ярьсан бичлэг одоо ч олон нийтийн сүлжээнд бий. Тэгвэл “Эко глобал ложистик” ХХК-ийнхан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг “Компанийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй хүмүүстэй холбож, улс төрийн өндөр албан тушаалаар дамжуулан өөрсдөдөө давуу байдал үүсгэн биднийг нүүрсний хулгай хийсэн гэж олон нийтэд зарласан. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай “Эко глобал ложистик” компани 425 638.5 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна. Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд, гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон” гэсэн мэдэгдэлдээ “Эко глобал ложистик” ХХК-ийг хамааруулан олон нийтэд зарласан. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын хэлсэн дээрх үгнүүд нь хуралдаан даргалагчийн давуу эрхээ урвуулан ашиглаж манай компанийн ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан болно. Тиймээс Б.Энхбаярт нэр төр гутаасан, үндэслэлгүй мэдээг анх тараасан хэлбэрээр буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан няцаахыг үүрэг болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Тус шүүх “Эко глобал ложистик” ХХК-ийн гомдлын дагуу иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд “Эко глобал ложистик” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзсан юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эко глобал ложистик” ХХК-ийнхнаас уучлал гуйж, залруулга гаргах шаардлагагүй болов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулгайч ххк