СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал шүүхэд хүргүүлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байх үедээ авлигын хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг НПГ-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Тус шүүхийн эх сурвалжуудын мэдээлснээр маргааш (2025 оны хоёрдугаар сарын 13-ны) өглөө уг саналыг хэлэлцэх шүүх хурлыг хийхээр товлосон гэнэ.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, МҮХАҮТ-ын зөвлөх гэх албан тушаал хаших болсон Н.Цэрэнбат нарт холбогдох албан тушаалаа урвуулсан, төсвийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж байсан билээ. Шүүхээс түүнийг цагдан хорих захирамж гаргах үед тэрбээр твитер хуудсандаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж” хэмээн бичиж байсан.

Тухайн үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаатар цагдан хорьсон шийдвэрийнхээ талаар “НПГ-аас яллагдагч Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцээд прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн тухайн өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” хэмээсэн байдаг.

Түүнээс хойш Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сар бүр нэг бус удаа сунгаж шалгасны эцэст ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөр болж буй аж.

Н.Цэрэнбат, Т.Дүүрэн нарыг 2020 оноос хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй. БОАЖЯ-наас хэрэгжүүлэхээр зарласан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг завшсан хэмээн буруутгаж буй билээ. Уг тендерт ХБНГУ-ын “B2 Bio-to-Power Gmbh” гэх компанийг шалгаруулахад Т.Дүүрэн сайд Н.Цэрэнбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа гол нөлөөтэй оролцож, хуульд заасан шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэрэгт холбогдуулсан юм. Ингэж хууль бус тендерийг шалгаруулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг. Тэд Германы дээрх компанитай ижил нэртэй аж ахуйн нэгжийг Монголд байгуулж нэгэн хүнийг захирлаар нь томилоод уг мөнгийг 2019 онд шилжүүлж аван зувчуулсан гэх юм билээ хэмээн бизнесийн хүрээнийхэн ярьж байгаа. Түүгээр ч зогсохгүй Т.Дүүрэнтэй холбоотой өөр олон хууль бус үйлдлийг АТГ-ынхан шалгахгүй өнгөрөөж байна хэмээн хардацгаадаг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өө санаа зоволтгүй шүүх сулалчихнөө кк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.