Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уул уурхайн салбарын ажиллах хүч, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгаа болон эрдэс баялгийн салбарын эрх зүйн өнөөгийн орчин, дэлхийн уул уурхайн чиг хандлагын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Түүнчлэн тус уулзалтад Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны багаас боловсруулсан “Уул уурхай, хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлага” судалгааны үр дүнгээ хуваалцсан юм.
“Уул уурхай, хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлага” судалгаа нь уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хамгийн өндөр бүтээмжтэй салбараар тооцогдож байгааг харуулжээ. Түүнчлэн ногоон эдийн засгийн бодит дэмжлэг хамгийн их тусгалаа олж, бодит үйл ажиллагаа болж байгааг онцолсон байна. Тус судалгаагаар уул уурхайн салбарын нэрлэсэн болон бодит дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий харьцаа, Гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/, Татвар, уул уурхайн салбарын нэг хүнд ногдох ДНБ-ий хувь хэмжээ, өөрчлөлтийн төлөвийг судалжээ.
Тухайлбал, Уул уурхайн олборлолтын салбарын бүтээмж хамгийн өндөр буюу улсын дунджаас 2.9 дахин их, байр, хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагааны салбар хамгийн бага буюу улсын дунджаас 3.1 дахин доогуур байна. Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт 15 жилийн хугацаанд 2.5 дахин өсжээ. Хөдөлмөрийн бүтээмж нэг ажилтанд ногдох нэмүү өртгийг тооцож үзвэл уул уурхай, олборлолтын салбар 66 сая төгрөг байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал уул уурхай, эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа нэг ажилтан жилд 66 сая төгрөгийг цалин авдаг гэсэн үг юм. Харин үүний дараа санхүү, даатгал, 53 сая, мэдээлэл холбоо 46 сая байгаа бол хөдөө аж ахуй, нийтийн хоолны салбар 10 сая гэх судалгааны дүн байна.
Уул уурхайн салбарын татвар 2023 онд 7.6 их наяд төгрөг байжээ. Уул уурхайн салбарын талаас илүү хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлдэг байна.
Монгол Улсын бодит ДНБ-ий хэтийн төлөвийг тооцоолж үзэхэд 2024 онд 32.3 их наяд төгрөг, 2030 он гэхэд 51.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 1 хүнд ногдох ДНБ 2030 онд 13 сая төгрөг болж нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бодит ДНБ өссөн боловч хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхээргүй гэх тооцоолол ажиглагдаж байгаа аж.
Уул уурхайн салбарын 1 сая долларын эцсийн хэрэглээ бий болоход шууд нөлөөгөөр 2018 онд 1.0458 сая, 2022 онд 1.0675 сая ам.доллараар уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгджээ.
Түүнчлэн уул уурхайн салбарын 1 сая долларын эцсийн хэрэглээ шууд болон шууд бусаар хичнээн ажлын байрыг бий болгодог талаар тооцоолж үзжээ. Ингэхэд шинээр болон түр, байнгын ажлын байр нь 2018 онд 9719 байсан бол 2022 онд 6246 байжээ.
Эдийн засгийн 17 салбарыг дүнгээр авч үзвэл уур уурхайн салбар нь байнгын болон түр ажлын байрыг 2018 онд 30544 бий болгож байсан бол цар тахлын үед 15646 бий болгожээ.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухайд 2011 оноос хойших гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрдэс баялгийн салбар 72.4 хувиар эзэлж байна. Энэ тоо 2023 онд 79.2 болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.