Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагийн хэд хэдэн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан бусдаас хахууль авсан хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж буй билээ.
Тухайлбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын дарга асан С.Цэдэнсодномыг удаа дараа их хэмжээний хахууль авсан, өндөр үнэтэй амины орон сууц захиалж, “Мерседес бенз” загварын автомашин худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бодитой тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг үйлдэлд буруутган шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Тэгвэл түүнээс өмнө нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандартын газрын дарга С.Төмөрдулам, тус газрын Барилга, байгууламжийн ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн зэрэг хүнийг шалгаж эхэлсэн ч хэрэг нь шийдэгдээгүй байгаа.
Тэгвэл эл хэрэгт холбогдсон Ц.Тогтохбуянгийн хахууль авсан үйлдлүүдийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр барилга, байгууламж хүлээн авах Улсын комисст ажиллахдаа бусдад давуу байдал олгож хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт барьсан “Серене таун Монголиа” хэмээн 6-9 давхар орон сууцын хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Бат хэрэйд” гэх компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Одоос Ц.Тогтохбуян нэг бус удаа мөнгө авсан хэмээн буруутгагдсан байдаг. Тодруулбал, “Серене таун Монголиа” хотхоны барилгад 2020 онд Улсын комисс ажиллуулах дарааллыг нь урагшлуулж, дүгнэлт гаргахын тулд хахууль авсан хэмээн яллагдагчаар тооцсон аж. Мөн Баянгол дүүргийн нутаг, ЭХЭМҮТ-ийн урд талд авто засварын газар, үйлчилгээний зориулалттай барилгад Улсын комисс яаралтай ажиллах дараалалд оруулж, дүгнэлт гаргаад иргэн Д.Отгонбаяраас бусдын дансаар дамжуулах хахууль авсан гэдэг. Уг хэрэгт өмнө нь нэг удаа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлж байсан боловч нэмэлт ажиллагаа хийлгэх болсноор өнгөрсөн долоо хоногт шалгаж дуусаад дахин НПГ-т хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.