ШУА-ийн Физик, Хими технологийн хүрээлэнгээс “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил-2025” хурлыг зохион байгууллаа.
Квант механик үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ 2025 оныг Квант шинжлэх ухаан, технологийн олон улсын жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд квантын шинжлэх ухаан, технологийг Монгол Улсын хэмжээнд сурталчлахаар ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, МУИС, ШУТИС, МУБИС, НЕБ-ийн 14 сургууль хамтран өнөөдөр квант шинжлэх ухаан, технологи нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Квантын технологи нь шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэр, нано-үйлдвэрлэл, хагас дамжуулагчийн болон лазерын технологи, эдийн засаг, уур амьсгал, ногоон эрчим хүч зэрэг олон салбарт чухал үүргийг гүйцэтгэж байна.
Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд 2025.02.15-10.31 хүртэл зохион байгуулах аж.
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу:
-Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жилийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ маань Квантын шинжлэх ухаан сонирхдог хүүхэд залуус, иргэдийг технологийг ойлгоход чиглэгдсэн. Хүнд шинжлэх ухаан хэдий ч аж амьдралд ашиглагдаад эхэлсэн. Бидний хэрэглэж буй компьютер, соронзон томограф гэх зэрэг квант технологи дээр тулгуурласан. Квант механик үүсч хөгжөөд 100 жил болсон хэдий ч бид бүрэн ашиглаж гүйцээгүй байгаа. Квант механикаар бидний амьдрал өөрчлөгдсөн. Квант компьютер болон олон төхөөрөмжүүд бий болохоор туршилтын шатандаа явж буй. Хэдэн жилийн дараа бидний хэрэглээнд нэвтэрнэ. Тиймээс ирээдүй хойч болсон залуусаа энэ салбарт сонирхолтой болгож, квантын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд бэлтгэх нь бидний үүрэг.
НҮБ-ийн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт квант технологи дээр суурилсан. Бид бүтэн жилийн турш олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.