СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-04

Д.Амарбаясгалан: Хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн дуу хоолойг сонсож, эргэх холбоотой ажиллах болно

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025.01.27-2025.02.02-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун зэрэг 10 суманд ажиллалаа.

УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы шийдвэрийг орон нутгийн иргэдэд тайлагнан танилцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, хөдөөгийн хөгжилд тулгамдсан асуудлаар Говь-Алтай аймгийн иргэдийн санал бодлыг сонсож, цаашид шийдвэрлэх асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тус аймагт ажиллах хугацаандаа нийт 10 удаа төвлөрсөн уулзалт хийж, уулзалтад 3000 гаруй иргэн оролцжээ. Энэ үеэр 129 иргэний 214 асуултад хариулт өгч, ярилцсан байна.

Тэрбээр "Орон нутагт ажиллахдаа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчид, малчид, хоршоологчид зэрэг нийгмийн олон төлөөлөлтэй биечлэн уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Говь-Алтай аймагт ажиллахад алслагдмал сум, суурин, тосгоны иргэдээс тавьсан санал хүсэлтээс хамгийн их давтамжтай яригдсан 10 асуудлыг багцалбал:

  1. Эрчим хүчний хангамж, найдвартай байдал;
  2. Иргэний нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж, ахуй орчны соёл, орчин үеийн техник хангамж, сайн мэргэжилтэн;
  3. Цахим хэрэглээ, харилцаа холбооны хүртээмж;
  4. Хүүхдийн сурч боловсрох эрх, боловсролын ялгамжгүй байгаа нөхцөл байдал;
  5. Аймгийн төв - сум, сум - боомт хоорондын авто зам, дэд бүтэц;
  6. Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин, татварын бодлого;
  7. Сумын төвийн төлөвлөлт, барилгажилт, гудамж талбайн тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт;
  8. Инженерийн байгууламж бүхий иргэдийн орон сууцны хүртээмж;
  9. Эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнийн бодлого, зохицуулалт;
  10. Орон нутаг дах улс төржилт, талцал, ялгаварлал зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна.

Мөн сум, тосгоны сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ахлах ангийн 850 гаруй сурагчтай уулзлаа. Улс орны ирээдүй, шинэ үеийн мэргэжил сонголтын хэрэгцээ шаардлагын талаар танилцуулга хийж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Сурагчид сургуулийн орчин нөхцөл, хичээлийн анги танхимын тохижилт, зөөврийн компьютерын хүрэлцээ, интернэтийн хүчин чадал, цахим болон танхимын хичээлийн давхардал зэрэг олон асуудлыг харьяа байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.

Иймээс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган ажиллахыг холбогдох төрийн байгууллагуудад чиглэл өгч, иргэдийн хүсэлтийг уламжлан, эргэх холбоотой ажиллах болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.