СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-02

🔴 ХӨСҮТ: Менингококкт өвчний 3-4 тохиолдол жил бүр байнга бүртгэгддэг, гэнэт гарсан өвчин биш

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 хоногийн өмнө

ХӨСҮТ-д менингококкт өвчний нөхцөл байдал хэр байгаа талаар шуурхай мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Сүүлийн үед цахимд батлагдаагүй хуурамч мэдээлэл их явж буй тул албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр менингококкт  өвчний таван сэжигтэй тохиолдол байсан ч шинжилгээ хийхэд хоёр нь батлагдсан. Эмчлэгдээд, эдгэрч гарсан. Он гарсаар нийтдээ 3 сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж, нас баралт бүртгэгдсэн.

Одоо хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийгдэж байна. Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан дээрх хоёр тохиолдол албан ёсоор батлагдаагүй байгаа. Хоёрдугаар сарын дөрвөн болон зургааны өдрүүдэд хариу гарна. Нэг хүүхэд нь 2024.12.18-аас хойш хичээлдээ яваагүй байсан байна. Ханиадыг гэрээрээ эмчлүүлж байгаад 2025.01.31-ны өдөр эмнэлэгт хандсан тул гэр бүлийн хүрээнд тандалт хийгдэж байна. Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэг нь шинэ цэцэрлэг учраас тухайн ангид нь сэжигтэй тохиолдолтой нийлээд 9 хүүхэд байсан. Тэднийг гэрээр нь тусгаарлаж ажиглаж байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна. 

Сошиал орчинд өчигдөр шөнө 9 настай хүүхэд нас барсан талаар мэдээлэл гарсан. Таамаглал байдлаар бичсэн постыг иргэд ихээр шэйрлэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Албан ёсоор ийм тохиолдол гараагүй. 

ХӨСҮТ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Менингококкт өвчний хүнд хэлбэр хоёр төрөл байдаг. Хүндээр өвдөж байгаа хүмүүст цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой.

Менингит хэлбэрийн үед хүүхэд гэнэт халуурч, тархины хүчтэй цочролын улмаас толгой өвдөж, нүд гэрэлд гялбах тохиолдолд эмнэлэгт хандах ёстой.

Үжил хэлбэр буюу менингококктийн үед цаг минут алдалгүй яаралтэй эмнэлэгт хандах ёстой. Гэнэт өндөр халуурдаг. Халуурснаас хойш 6 цагийн дараагаас биеийн мөчид, захын хэсгээр биеэр тууралт гардаг. Яг тэр даруйд нь эмнэлэгт хандаарай. Нэн хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд амь нас эрсддэг. Өвчин туссан хүн бүр нас барна гэсэн үг биш. Нийт өвчний 10-15 хувьд нас баралт тохиолддог. 

Халуун амьсгалаар халдварладаг өвчин тул нэг гэрт, ангид хамт байсан хүмүүст халдварладаг тул маскаа сайн зүүж өөрийгөө хамгаалах ёстой

Менингококкт халдвар манай улсад үе үе тохиолддог халдвар шүү. Жилдээ 3-4 тохиолдол бүртгэгддэг. Гэнэт гарсан өвчин биш. Нэгэнт тохиолдол батлагдсан үед ойрын хавьтлын үед голомтлох арга хэмжээг эмнэлгийн байгууллага авдаг. Эмнэл зүйч эмч үзлэх хийж, хамар залгиурын арчдас авдаг. Батлагдвал антибиотик уулгадаг. Ойрын хавьтлуудыг тусгаарлаж, ажигладаг.  

Болж өгвөл даарахгүй, дулаан яваарай. Маск зүүж, гараа сайн угаагаарай. Хоолой, амаа зайлаарай. Болж өгвөл ханиад битгий хүрээрэй. 

1972-1974, 1994-1996 онуудад энэ өвчний өргөн хүрээтэй тархалт дэгдэж, жилд 3000 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвдөж, зуу гаруй нь нас барж байсан. Бусад жилүүдэд ийм том хүрээг хамраагүй тул сургууль цэцэрлэг хаах хэмжээнд ярихгүй. Гол нь сэжигтэй тохиолдол гэж үзвэл яаралтай эмнэлэгт хандаж байж л амь насыг нь аврах ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.