Засгийн газраас хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
-Хурдан морины уралдаан өвөл, хавар, зун, намар болж байгаагаас үл шалтгаалаад тэнд хүүхдийн эрхийн зөрчил явагддаг. Тэр тусмаа өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна.
Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоол нь хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах талаасаа ахиц дэвшилттэй шийдвэр байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2022 онд хүүхэд эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалт баталсан байдаг. Энэ жагсаалтад, арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд хурдан морь унуулахыг хориглосон. Хүүхэд эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалт хүчинтэй байгаа гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй.
ХЭҮК үүсгэн байгуулагдсан цагаасаа хурдан морь унаж буй хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж ирсэн. Хүний эрхийн гурван удаагийн тайландаа тусгасан.
Хурдан морь унаж буй хүүхдүүдэд нэгдүгээрт эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал үүсдэг. Хоёрдугаарт сурч боловсрох эрхийг нь хязгаарлах асуудал хөндөгддөг. Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөндөгддөг. Эдгээр асуудал яригдаж байхад хүүхдээр хурдан морь унуулна гэдэг бол хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал юм.
ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд хоёр судалгаа хийсэн. Хаврын уралдаан, хүүхдийн эрхийн асуудлаар судалгаа хийсэн. Эдгээр судалгаанд хүүхдэд хийжүүлсэн ундаа өгч, яс нь сийрэгждэг, хөнгөн байдаг гэсэн тийм баримт мэдээлэл байгаагүй.
Бүртгэлээс харахад өнгөрсөн 2024 онд 11000 гаруй уралдаанч хүүхэд бүртгэгдсэн байдаг. Үүнээс 1000 гаруй хүүхэд өөрийн морийг унасан байна. Өөрөөр хэлбэл, нийт морь унаж буй хүүхдүүдийн 10 хувь нь өөрийн морийг унаж байна. Нийт хурдан морь унаач хүүхдийн 90 хувь нь бусдын морийг хөлсөөр унасан тоо мэдээлэл байна. Мөн нэг анхаарал татсан асуудал нь 2000 гаруй хүүхэд цалин хөлс авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр хүүхдийн хөдөлмөрийн мөлчлөг байж болзошгүй байна. Цалин хөлс авсан хүүхдүүд 400 мянгаас 1.5 сая төгрөгийн цалин авсан байна. Хөдөлмөрийн хөлснөөс доош буюу 400 мянган төгрөгийн цалин авч байгаа нь анхаарал татаж байгаа. Мөн уяачийнд зарагддаг, өглөө эрт босдог, эзний зүгээс загнаж, зандрах гээд хүүхдийн эрхийг зөрчдөг байна. Гэхдээ уяачид нийтээрээ ийм байгаа юм биш.
Бүртгэл хийж эхэлснээс хойш буюу 1996 оноос хойш хурдан морины уралдаан, сунгааны үеэр 52 хүүхэд нас барсан байна. Гэхдээ энэ бодит тоо гэж хэлэхэд хэцүү. Тухайн үед бүртгэл бүрэн дүүрэн хийгддэгүй байсан. Амиа алдсан ч бүртгэгдээгүй байхыг үгүйсгэхгүй.
2018 оноос хойш хурдан морь унаж яваад 2436 хүүхэд морьноосоо унасан байна. Харин 1035 хүүхэд гэмтэж бэртсэн гэсэн баримт байгаа. Иймд хаврын уралдааныг зохион байгуулахгүй байхыг уриалж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.