Хятадын уламжлалт Цагаан сарын баярын шинийн нэгний өдөр өнөөдөр тохиож байна. Хятадын ард түмний хувьд хамгийн чухал баяр болох Хаврын баярыг хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн байдаг.
Урд хөршийнхөн төдийгүй Вьетнам, Малайз, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос, Тайландчууд энэ өдрүүдэд цагаан сараа тэмдэглэж байна. Тэд өчигдөр орой битүүрцгээсэн бөгөөд гэр бүлээрээ цуглаж, хамтдаа битүүний зоог барих нь энэ баярын гол ёс заншлуудын нэг юм.
Уламжлалт цагаан сарын баяр бол дэлхийн улс үндэстнүүдийн тэмдэглэдэг шинэ жил, зул сар, талархлын баяруудаас хамгийн олон хүн тэмдэглэдэг, өргөн цар хүрээтэй, өвөрмөц онцлогтой, уламжлалт баяр юм
Дундад улсын иргэд шинэ жилийн баяртаа зориулж бууз баншаа чимхэн, шарсан буюу утсан загас оролцуулсан олон төрлийн идээ унд бэлдэцгээдэг. Хүн бүр л шинэ онд гэр бүлийн аз хийморийг бэлэгддэг, “уурагт загасыг” улаан сүмсээр хачирлан, хэрчмийг ч болов хүртэхийг хичээнэ.
Мөн энэ үеэр Хятадын Үндэсний Телевизийн Хаврын Баярын Гала тоглолтыг үзэх нь олон хүний хувьд уламжлал болсон бөгөөд орчин үеийн Хаврын баярын нэгэн чухал хэсэг болжээ.
2025 он бол модон могой жил учраас энэ удаагийн Хаврын баярын гала тоглолтын лого нь бүжиглэж буй хос алтан могойн дүрсээр бүтээгдсэн байна. Энэ нь аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлгэдэхийн зэрэгцээ шинэ цаг эриний эрч хүчийг илэрхийлж байгаа аж.
Хятадын Цагаан сарын шилжилт хөдөлгөөн өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт эхэлсэн. 40 хоног үргэлжлэх энэхүү дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөний үеэр Хятадын төмөр замаар давхардсан тоогоор 510 сая хүн зорчино гэж тооцоолж байна.
Цаасан буу дуугаргах нь Хятадын хаврын баярын чухал уламжлал юм. Чанга дуу чимээ гарган, оч гэрэл цацруулах нь улирч буй хуучин жилийн муу муухайг үлдэн хөөж, морилон ирж буй шинэ жилд аз, од авчирдаг гэдэгт итгэдэг. Хятадын Хунань мужийн Люян хотыг "Хятадын цаасан бууны өлгий" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ хот цаасан буу хийх 1400 гаруй жилийн түүхийг бүтээжээ.
Тус хотын цаасан буу нь дэлхийн 100 гаруй оронд экспортлогддог бөгөөд Бээжингийн Олимпоос эхлээд Катарын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүдэд Люян хотын үйлдвэрлэсэн цаасан бууг буудаж байжээ.
Хятадын шинэ жил 1911 оноос хойш Хаврын баяр гэж нэрлэгдэх болсон бөгөөд эрт дээр үеэс хамгийн чухал, хамгийн удаан үргэлжилдэг баярт тооцогдсоор ирсэн билээ. Хятадын цаг тооны бичгээр эхний сарын эхний өдрөөр эхлэн, шинийн 15-нд буюу Дэнлүүний баяраар дуусдаг аж. Бүтэн сар шахам үргэлжилдэг баярын өдрүүдэд дуу хуур, бүжиг наадам, ёслолын буудлага тасардаггүй.
Эх сурвалж: Анд студи, CCTV
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.