Монгол түмний заяа их. Энэ үгийг зүгээр ч нэг хэлсэнгүй. Дэлхий дээр ердөө 13 улс ураны нөөцтэй. Түүний нэг нь Монгол Улс. Ирээдүйд алтнаас дутахгүй үнэд хүрэх ашигт малтмалаар уран нэрлэгдэж байна.
Уран бол шинжлэх ухааны гайхамшигт ололт. Цөмийн цахилгаан станцын түлш 1кг цэвэр уран нь ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Ураны үнэ сүүлийн жилүүдэд үнэ нь огт буураагүй бөгөөд нэг фунт нь 2017 онд 17 ам.доллар байсан бол 2024 онд 77 ам.доллар болжээ. Ирэх жилүүдэд 250-300 ам.долларт хүрч өсөх тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байгаа юм.
Юуны талаар бичих гэж байгааг эрхэм уншигч та анзаарсан байх. 27 жил гацсан Монгол, Францын хамтарсан ураны төсөл амжилттай гараанаас гарч чадсан тухай. Гуравдагч орны хөрөнгө оруулалт гэрээгээр баталгаажсанаар дэлхийн уран үйлдвэрлэгчдийн эгнээнд Монгол Улс зүй ёсоор багтаж эхэллээ.
Уран олборлох төслийг хэрэгжүүлснээр бид цөмийн энергийг хэрэглэх, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам урагшилна. Бид эрчим хүчний хараат бус орон болох нь цаг хугацааны л асуудал.
Ирэх 34 жилд Европыг ногоон эрчим хүчээр хангагч нь бид боллоо
Франц улсын эрчим хүчнийхээ 85 хувийг цөмийн эрчим хүч буюу Атомын цахилгаан станцаас хангадаг. Түүнчлэн Англи, Герман, Итали, Испани, Дани, Люксенбург, Нидерланд зэрэг орнуудыг эрчим хүчээр хангадаг. Хамгийн гайхалтай нь уран олборлох болон боловсруулах технологиороо дэлхийд толгой цохидог Франц Монгол Улсаас уранаа олборлохоор болж байна. Тодруулбал, ирэх 34 жилд Европыг ногоон эрчим хүчээр хангагч нь бид боллоо. Энэ нь бидний хүн төрөлхтний өмнө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлэхэд дэгсдүүлж, амбицлаж хий хоосон цээжээ дэлдэж байгаа хэрэг огт биш. Учир нь бид Монгол Улс, Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Зөөвч Овоо” төсөл нь дэлхийн арван томоохон ордын нэг юм. Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойш 16 жилийн дараа гуравдагч орны том төсөл хэрэгжихээр болж байна. Дэлхий биднийг өөр нүдээр харж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улсыг сонирхох, бид эргээд моданд орж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, бид дэлхийтэй харилцах давуу талаа нэмэгдүүлж чадлаа. “Орано” групп нь олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг. Францын “Орано” групп Монгол Улсад ураны хайгуулын ажлыг 1997 оноос эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлжээ. Талууд удаан хэлэлцсэний үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээгээ 2025 онд байгууллаа. Уг төсөл 30 жилийн хугацаанд жил бүр 2500 орчим тонн уран олборлох юм. Харин энэхүү Зөөвч-Овоо төслийг “Бадрах энержи” компани буюу Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани гүйцэтгэнэ.
Бидний төсөөллөөс давсан эерэг боломжийг Зөвөөч-Овоо төсөл бидэнд өгнө
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ"Зөөвч-Овоо нь дэлхийн арван томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно" гэсэн бол "Орано Майнинг" С.А.С-ын ТУЗ-ийн дарга Никола Маас “Зөөвч-Овоо нь 90 мянган тонн ураны нөөцтэй, 30 жилийн хугацаанд ажиллах уурхайн капитал зардал нь нийт 1.6 тэрбум ам.доллар. Зөөвч-Овоо уурхайгаас жил бүр олборлох, уранаар үйлдвэрлэх эрчим хүч маань 55 сая тонн нүүрснээс гаргах эрчим хүчтэй тэнцэх юм. Ингэснээр уурхай ажиллах хугацаанд 4 тэрбум тонн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх төдийгүй, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлнэ” гэх үгийг хэлсэн.
Тус төслийн стратегийн ач холбогдлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Бидний төсөөллөөс давсан эерэг боломжийг Зөвөөч-Овоо төсөл бидэнд өгөх юм. Монгол улсын Засгийн газар 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэнэ. Мөн бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авна. Компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах зэрэг компанийн тодорхой, чухал шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрхтэй байна.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компани Дорноговь аймгийн Засаг дарга, Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн хугацаанд жил бүр 1 тэрбум төгрөгийг өгч байгаагаас Улаанбадрах суманд 700 саяыг, 300 саяыг нь бусад сумдад өгч байжээ. Олборлож эхлээд 1 сая ам.доллар, олборлолт дуусаад буюу нөхөн сэргээлт хийхдээ жил бүр 1.1 сая ам.долларыг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Энэ дүн нийтдээ 44 сая ам.доллар болж байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна. Уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээнд тус тусгажээ.
Түүнчлэн Монгол ажилчдын сарын цалингийн дундаж хэмжээ 7-12 сая төгрөг байхаар ТЭЗҮ-д тусгаж өгчээ. Ерөнхийдөө нийт ажилчдын 5 хувь нь орон нутгийн иргэд байна. Хамгийн чухал нь “Орано”-тай хийх ураны төсөл хэрэгжсэнээр бид баялгийн сангаасаа үр өгөөжөө хүртэх боломж дахин нэгээр нэмэгдэнэ. Баялаг ашиглагдах тусам хуримтлал өснө. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ноогдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүснэ. Дагаад иргэдийн хуримтлал арвижна. Ингэснээр сүүлийн 30 жил баялгийн тэгш бус хуваарилалт ярьж, халаглаж загнахаас өөр шидгүй байсан монголчууд бүгдээрээ баялгаасаа тэгш хүртэнэ.
Монголчууд уран гэж айхын оронд ууж байгаа усандаа юу байдгийг мэдэх хэрэгтэй
Ураны аюулаас үүдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал мутацид орж, хоёр толгойтой ишиг төрж, мал үхэж байна гэх худал мэдээллүүд үнэнд гүйцэгджээ. Өнгөрсөн хугацаанд газар доор уусан баяжуулах аргаар, технологийн туршилт хийж 10 мянган тонн уран олборлосон. Уран олборлосноос болж цацрагийн хордлого үүссэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр мэдэгдсэн. Түүнчлэн “Мон Атом” ХХК-ийн эксперт, зөвлөх Я.Ганболд “Дорноговь аймгийн гурван сумын 10 мянган малд хоёр жилийн хугацаанд үзлэг хийхэд нэг ч арьсны өвчтэй мал илрээгүй. Ураны цацраг нөлөөлсөн гэдэг үр дүн гараагүй” гэж хэлж байна. Аймаг, сумын удирдлага, хөрөнгө оруулагч гээд гурван талт зөвлөл байгуулагдаад сүүлийн дөрвөн жил ажиллажээ. Орон нутгийн иргэд уран аюулгүй гэдэг бүрэн ойлголттой болсон байна. Уурхайн амнаас тав км-ийн зайд нутаглах малчин н.Энхбатынх Алтан төлийн эзэн болсон аж. Үнэхээр байгаль экологид хор хөнөөлтэй байсан бол тэнд амьд хүн байтугай мал ч бэлчихгүй байх билээ.
Иргэдийн дунд шар нунтгаас цацраг идэвхт бодис ялгарч хүн хорддог гэх нийтлэг ойлголттой байдаг. Энэ нь өрөөсгөл бөгөөд томографын бүтэн биеийн шинжилгээ өгөхөд цацрагийн хэллэгээр 6 удаа шарлага биедээ авдаг. Харин шар нунтгийг гараараа барихад үүнээс гурав дахин бага шарлага авдаг гэдгийг тэр бүр мэддэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг хөгжилд хүргэх мега төслүүдийг гацаах, зогсоох гадны болон дотоодын дайралтад өртсөөр ирсэн. Үүнийг 27 жилийн түүхтэй ураны төсөл ч тойрч гарж чадаагүй. Гэхдээ одоо бүх эргэлзээ тээнэгэлзээ арилж нийгэм, олон нийт дэлхийн хэмжээний төслийг дэмжиж, ирээдүйгээ хэн нэгний үгээр баллуурдахаа больжээ. МУИС-ийн профессор Н.Норов 2013 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Уран нүүрснээс 20 сая дахин их энергитэй. Уран гэдэг зүйл энэ гаригтай цуг үүссэн. Ер нь монголчууд уран гэж айхын оронд ууж байгаа усандаа юу байдгийг мэдэх хэрэгтэй. Бидний ууж байгаа усанд цацраг идэвх байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж хэлж байв.
Байгаль экологид хор хөнөөл багатай, уусган олборлох технологи хүн малд нөлөөлөхгүй
Төсөл хэрэгжих газарт нэг ч том машин явахгүй. Зөвхөн 18 см диаметртэй трубаг 10-180 см метрийн гүн рүү оруулаад түүгээрээ дор байгаа ураныг гаргаж авч буй процесс явагдана. Байгаль сүйтгэхгүй, ээлтэй технологиор олборлолтоо хийнэ. Трубаг сугалж авсны дараа нүхийг нь бөглөх нь байгалийн аясаар сэргэнэ. Газар доор уусган олборлох технологи ашиглаж байгаа учраас бэлчээрт ямар ч хор хөнөөлгүй, процесс хүний нүдэнд харагдахгүй, малчдад нөлөөлөхгүй. Уламжлалт уурхай шиг тоос манан босгож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын гэрээнд нийтдээ 400 сая орчим ам.долларыг нөхөн сэргээлтэд зарцуулна. Хамгийн чухал нь Дорноговь аймгийг буюу говийн бүсийг хөгжүүлэх ажлыг хоёр талаасаа ярьж байгаа гэж МонАтом компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг бүрдүүлж байна
Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн улсуудтай өндөр түвшинд хамтран ажиллах нь бидэнд ашигтай. Дэлхийн хөгжингүй орнууд ураныг сонгож, цөмийн энергийг ашиглахтай зэрэгцэн уран гэх шар нунтаг зах зээлд талх шиг хурдан зарагдаж байна. Харин манай улсад дэлхийд томоохон тооцогдох хэд хэдэн ураны орд газар бий. Дэлхийн хүн ам сүүлийн 100 жилд дөрөв дахин, эрчим хүчний хэрэглээ 22 дахин өсжээ. Цаашдаа ч эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар ихээр нэмэгдэнэ. Цөмийн цахилгаан станцын түлш 1кг цэвэр уран нь ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой. Дээр нь нэмээд бидний мөнхийн хөрш Хятад улс 16 цөмийн реактор барьж байгаа бөгөөд 2060 он гэхэд тэг нүүрсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл ирэх 10 жилд Хятад улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарахын зэрэгцээ ураны зах зээлийн тэргүүлэгч худалдан авагч болно. Монгол-Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд уран толгой цохиод ороод ирэх нь мөрөөдөл биш, бодит байдал болоход ойрхон байна. Учир нь “Монгол орны ураны 13 ордын хэмжээнд 192 орчим мянган тонн батлагдсан нөөц, 1.5 орчим сая тонн геологийн баялгийг тогтоосон. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн 47 улсаас эхний 11 дүгээрт орж байгаа ба дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг бүрдүүлж байна. Монгол орны ураны нөөц нь дэлхийн ураны нөөцийн хоёр орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломжтой” гэж АМГТГ-ын мэргэжилтэн Х.Лхагвабаатар мэдээлж байсан юм.
Уран олборлох төслийг хэрэгжүүлснээр бид цөмийн энергийг хэрэглэх, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам урагшилна
Атомын цахилгаан станцын ашигласан түлшийг бүрэн боловсруулах технологийг дэлхийн хэдхэн орон эзэмшсэн. Цөмийн зэвсэгтэй ОХУ, АНУ, Франц, Англи, Хятад гээд тавхан орон бий. Франц улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээрээ Европт тэргүүлсэн хэвээр. Уран олборлолтын ийм төсөл, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл Монголд анх удаа явагдаж байна гэдгээрээ цоо шинэ түүх бүтээж байна гэсэн үг. Энэ нь зөвхөн уул уурхайн хөгжлийн түүх биш билээ. Уран олборлох төслийг хэрэгжүүлснээр бид цөмийн энергийг хэрэглэх, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам урагшилна. Бид эрчим хүчний хараат бус орон болох нь цаг хугацааны л асуудал. Монгол Улс эрчим хүчээ ОХУ, БНХАУ-аас авч байна. Эрчим хүчний хамаарлаас гарахгүй бол Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлт, Шинэ сэргэлтийн тухай ойлголт гэж үгүй. Гангийн үйлдвэр, Аж үйлдвэрийн парк байгуулж, утаанаас салж чадахгүй. Түүнчлэн манай улс хүхрийн хүчлийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Төсөл хэрэгжих хугацаанд их хэмжээний хүхрийн хүчил ашиглана. Үүнийгээ дотоодоосоо хангах нь бидэнд илүү ашигтай.
Түүнчлэн хог боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Урангүй улсууд атомын цахилгаан станц барьж байгуулсан байхад урантай бид барьж чадахгүй байна гэдэг эмгэнэл. Гэхдээ бид ирээдүйд атомын цахилгаан станц барина гэх амбицтайгаар тус төслийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Бид атомын цахилгаан станцтай бол Улаанбаатар хотын эрчим хүчээр хангахад жижиг ачааны машин буюу портер шар нунтаг хангалттай юм. Учир нь 1 кг шар нунтаг 15 галт тэрэгтэй тэнцэхүйц хэмжээний нүүрстэй тэнцэх хэмжээний энергитэй байдаг. Манай улсад атомын цахилгаан станц байгуулахад 2 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо бий. Учир нь бидний хөрөнгө оруулагч хамгийн сайн атомын цахилгаан станц барьдаг улс юм.
Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж эхэлсэн. Ойрын гучин жил уран гэх ашигт малтмал дэлхий нийтийн моданд байна. Өөр эрчим хүчний эх үүсвэр гарах хүртэл уран бидний амин хайрт ашигт малтмал байсаар байх нь. Манай улсад 2010 онд 30 орны 200 гаруй уул уурхайн компани хайгуул хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байсан ч гараад явж байсан гашуун түүх бидэнд бий. Харин дэлхийд тэргүүлэгч их гүрэнтэй бид хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж чадсанаар гадаадын хөрөнгө оруулагчдын дахин татах алтан үе ирээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ураныг эсэргүүцэж байна. Бид онгон дагшин байгальтайгаа үлдмээр байна. Гэмт хэрэгтэнтэй байгуулсан хууль бус гэрээгээ цуцал!!! Байгалийн баялаг ард түмний өмч учраас ЗГ дур мэдэн шийдэх ёсгүй!!!
Солиотой хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм даа
Европ одоо хүчгүй болноо либериалууд .дээр цагаачд дуусгах болов уу
Эхлээд хийсэн гэрээгээ харчих. Ямар юмны чинь атомын цахилгаан станц вэ? Сайхан донгодоод яах вэ. Харин онгон дагшин байгаль эх, цэвэр агаар цэнгэг ус л бидний ирээдүй юм. Эрх баригчид харин гялтайсан бүхнийг хулгайлахаа зогсоо.
Mongoliig yaduu bailgah zorilgotoi orrosiin tagnuuluudl eserguutsene