Орон сууцны ипотекийн зээлийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболдоос тодрууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд:
-2013 оноос хойш 121 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан. Ингэхдээ 81мкв талбайтай орон сууцанд 8 хувиар зээл олгож байсан бол 2021 оноос 6 хувь болж өөрчлөлт орсон.
Ипотекийн зээлийг илүү үр ашигтай, зорилтод бүлгүүдэд үр дүнтэй хөтөлбөр болгох үүднээс Дэлхийн банктай хамтарч, олон улсын мэргэжлийн экспертүүдтэй ажилласан.
Мэргэжлийн экспертүүдээс “Монгол Улс орон сууцны зээл олгохдоо 81мкв, ганцхан хүүгийн нөхцөлтэй зээл олгодог юм байна. Тэгэхээр илүү олон хувилбартай зээл олгох хэрэгтэй. Иргэдийнхээ орлогын түвшинтэй уялдуулж, орон сууцны бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх” зөвлөмжийг өгсөн.
Тухайлбал, бага талбайтай орон сууцанд илүү бага хүү, том талбайтай орон сууцанд өндөр хүү тогтоох аргачлал нь олон улсад нийтлэг хэрэглэгддэг. Манай ипотекийн зээлийн гол асуудал нь арилжааны банкнууд 81мкв хүртэлх талбайтай орон сууцанд 6 хувийн хүүтэй зээл олгодог ганцхан нөхцөл байдаг. Тэгэхээр илүү орлого өндөртэй иргэд зээлд түрүүлж хамрагдах нөхцөл ажиглагдаж байна. Орон сууцны зээлээ олон ангилалд шилжүүлж, иргэдийн орлогын хэмжээнд таарсан зээл олгосноор хүртээмжтэй байдал үүснэ.
Энэхүү чиглэлээр Монголбанк, Үндэсний орон сууцжуулалтын хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байна. Журмын зохицуулалтыг Үндэсний орон сууцжуулалтын хороогоор хэлэлцэж, Засгийн хуралдаанд танилцуулж эцсийн шийдвэр гарна.
Одоогийн байдлаар хөдөө орон нутагт ипотекийн зээл эхний гурван жил 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй. Нийслэл хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ипотекийн зээлийг тэргүүн ээлжид олгох асуудлыг Засгийн газрын 2023 оны 483-р тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд 6 хувийн хүүтэй, дахин төлөвлөлтөөс бусад газруудад 6 хувийн хүү дээр 2-3 функтийн өсөлттэй байхаар тооцож байна. Журмын өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр улиралд багтаж хийхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн хугацаанд 121 мянган хүн ипотекийн зээл авсныг дээр дурдсан. Үүний 90 мянга гаруй нь 6 болон 8 хувийн хүүтэй зээл авсан.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас баталдаг орон сууцны төлөвлөлтийн дүрэмд 55мкв иргэдийн орлогод хамгийн нийцсэн дундаж хэмжээтэй орон сууц гэх зохицуулалт байдаг. Мэдээж орон сууцны талбайг нэмэгдүүлж авах боломж бий. Арилжааны банкны өөрсдийн эх үүсвэрээр авна.
Ипотекийн зээлийг 120мкв хүртэлх орон сууцанд олгох тохиолдолд 6 хувийн хүүг нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Учир нь 120мкв хүртэлх орон сууцанд олгогдох ипотекийн зээлийн хэмжээ, мөн тус мкв орон сууцыг сонирхож авах зорилтот бүлгийн иргэд байх эсэх асуудал яригдана.
Бидний гол зорилго агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ипотекийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлнэ.
Олон улсын туршлагуудтай харьцуулахад орон сууцны талбайн хэмжээгээс хамаарч зээлийн хүү ялгавартай байх асуудлууд яригддаг хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Битгий дэмийр сугны үс минь