УИХ-ын хэсэг гишүүн Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд гадаа нэмэх градустай болоход морин уралдаан зохион байгуулах өөрчлөлтийг тусгахаа мэдэгдсэн нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг болоод буй.
Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны Засгийн газрын 57-р тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Тэгвэл морин спорт сонирхогчид болон уяачдын зүгээс энэ тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсаар ирсэн. Хэдийгээр хориглосон ч уяачид хэсэг бүлгээрээ нийлэн хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулах явдал хөдөө орон нутагт тасраагүй. Мэдээж, нууцаар зохион байгуулсан уралдаанд эмч, цагдаа, хүүхдийн эрхийн байцаагч нар байлцдаггүй. Ийнхүү хамгийн гол нь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах төрийн субъектүүдийн нүднээс далд хийж байгаа морин уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл асар өндөр байгаа. Тиймээс хориглохын оронд нэмэх градуст шилжсэн хаврын урин цагт буюу хоёрдугаар сарын сүүлээс эхлэн морин уралдаан зохион байгуулж, тавигдах шаардлага, зохих зөвшөөрөл, татварыг өндөр дүнтэйгээр хуульд тусгах нь илүү зүйтэй гэдэг бас нэг гарц мөн.
Өвлийн уралдааныг зөв зохион байгуулж, оролцогчид болон үзэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сайтар хангах нь олон талын ач холбогдолтой. Энэ нь Монголын морин спортыг мэргэжлийн спортын түвшинд таниулахаас гадна, эдийн засаг, соёлын хувьд ч бодит үр өгөөжөө өгөх боломжтой. Мөн үндэсний өв соёл учраас нийгэмд эв нэгдэл, бахархал, эрүүл амьдралын хэв маягийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа аялал жуулчлалаараа дэлхийгээс мөнгө татах гэж буй бидэнд асар өндөр боломж ч байж мэднэ. Соёлын өв болж дэлхийд танигдах боломж-Өвлийн уралдаан нь Монголын уламжлалт соёл, өв соёлыг дэлхий дахинд таниулах, хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхий дээр өвлийн цагт морь уралддаг соёл Монголд л байдаг байх. Монгол орны өвлийн морины уралдаан нь тус улсын өв соёлын нэгэн чухал хэсэг болохоор дэлхийн олон орны сонирхлыг татах боломжтой. Эдийн засгийн ашиг-Өвлийн уралдаан зохион байгуулах нь тодорхой хэмжээний эдийн засгийн эргэлт үүсгэнэ. Уралдаан нь хөдөө орон нутагт зохион байгуулагдсан бол олон хүн цуглуулах боломжтой бөгөөд энэ нь аялал жуулчлал, үйлчилгээний салбарт эерэг нөлөө үзүүлж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн уралдаанд оролцогчид болон үзэгчдийн зардал, тээвэрлэлт, хоол, байрны үйлчилгээ зэрэгт мөнгө зарцуулах нь гарцаагүй.
Жуулчдыг татах боломж-Өвлийн уралдаан нь аялал жуулчлалын салбарт шинэ нэг салбар үүсгэнэ. Монгол оронд өвөл болж буй уралдаан нь аялал жуулчлалын нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болж, гадаадын жуулчдыг татах боломжтой. Орон нутгийн үзэсгэлэнт газрууд, өвлийн аялал жуулчлалын нөөцүүдийг хослуулан олон янзын туршлагыг бий болгох боломжтой. Жишээлбэл, Өвлийн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болсон “Талын түмэн адуу” фестиваль 10 жил тасралтгүй зохион байгуулагдсан бөгөөд жуулчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон. Тал нутгийн чимэг болсон түмэн адууны эвент нь олон улсын хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын анхаарлыг хэдийнэ татдаг болсон нь үүний нэгэн тод илрэл билээ.
Дэлхийд монгол адууны тэсвэр тэвчээр, эр зоригийг магтсан, дурссан асар олон түүх, урлаг соёлын баримтууд бий. Тухайлбал, Чингис хаан, түүний дараах үеийн байлдан дагуулалтын үе, мөн дэлхийн II дайны хүнд үед Монгол морьд хэрхэн хүч, тэвчээр гаргаж байсныг илтгэх олон сайхан баримт, дурсгалууд байна. Тиймээс Монгол адууны түүх, соёлыг сонирхсон тодорхой бүлэг хүртэл байдаг бөгөөд тэр хэсэгт чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өвлийн уралдаанаа бүх суманд нэг өдөр 4 хоногийн ар дээр аймгууд нэг өдөр ахиад 5 хоногийг ар дээр дүнжингараваа нэн өдөр хийчвэл болно доо