УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш юм. Жагсаал цуглааны үеэр УИХ-ын гишүүдэд гадны бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсан байхыг үгүйсгэхгүй" гэж хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газраас олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттайгаар шийдвэрлэж байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш юм. Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашаансухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэх үед зохион байгуулагдсан жагсаал цуглааны үеэр УИХ-ын гишүүдэд гадны бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол гацаагчдын олон жилийн туршид өрнүүлсэн хуучин технологи гэдгийг та бүхэн мартаж болохгүй. Гэхдээ бид хамтдаа хурдтай хөгжлийн төлөө энэ бүхнийг даван туулах учиртай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын гэрээг баталж өгсөн та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
Холимог тогтолцоогоор бүрдсэн шинэ парламент Монгол улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт бат итгэлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.