СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч Дональд Трамп арав гаруй ахлах дипломатийг албан тушаалаасаа огцрохыг тушаажээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
10 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар бүрэлдэж эхэлж, түүний эхний томилгоогоор Флорида мужийн сенатч Марко Рубио Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд очив. Тус улсын ахлах дипломатчийн суудалд ноён Рубио өнгөрөгч мягмар гарагт тангараг өргөн албан ёсоор заларсан бөгөөд ийнхүү Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн дараа бичигдэх Засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан болсон юм. 

Шинэхэн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио цаашид томоохон өөрчлөлтүүдийг хийхээ мэдэгдсэн. Тэрээр ажлаа авсан эхний өдрөө Энэтхэг, Япон, Австралийн Гадаад хэргийн сайд нартай нэн даруй уулзаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудлаар ярилцжээ. Энэхүү бүс нутгийг БНХАУ ноёрхохыг эрмэлздэг гэж ноён Рубио болгоомжилдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.

Марко Рубио Хятадын Коммунист намын эсрэг байр сууриа илэн далангүй илэрхийлсэн ирсэн нэгэн. Мөн тэрээр ОХУ, Украины дайныг дуусгахын тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдэж, Украин сүүлийн арван жилд Орост алдсан бүх газар нутгаа эргүүлэн авах зорилгоо орхих ёстой гэж тэмдэглэсэн байна. Харин Украинд АНУ-ын олон тэрбум ам.долларын зэвсгийг илгээсэн Ерөнхийлөгч асан Жо Байден ОХУ-тай энхийн хэлэлцээ хийх эсэх, хэзээ эхлэхийг Украин өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байсан билээ. Ийнхүү манай хоёр хөршийн талаарх АНУ-ын гадаад бодлогыг шинэ Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөөр тодорхойлж эхэлснээр Монгол Улс ч томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болж байна.

Ноён Рубио сенатч байхдаа 2021 оны тавдугаар сард тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэн, АНУ-Монголын харилцааг бэхжүүлж, манай улсын ардчиллыг дэмжин ажиллахыг хүссэн захидлыг илгээж байжээ. Уг захиандаа тэрээр “Монгол Улс хэдий БНХАУ, ОХУ гэх хоёр авторитар хөршийн дунд эгзэгтэй газарт байрладаг ч ардчиллын гайхалтай амжилтын түүх юм. Монгол Улсад ардчилал үргэлжлэн цэцэглэн хөгжихийг дэмжих нь хэзээд АНУ-ын хүсэл сонирхол байх болно” хэмээн онцолжээ. Тэгвэл цаашид тэрээр манай улсад үргэлжлүүлэн анхаарал хандуулж, хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгөх нь тодорхой.

Харин Марко Рубио Төрийн нарийн бичгийн даргын тангараг өргөхөөс ч өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн департаментын арав гаруй ахлах дипломатийг албан тушаалаасаа огцрохыг тушаасан байна. Эдгээр дипломатчийн дунд тус агентлагийн гурав дахь өндөр албан тушаалтан буюу Улс төрийн асуудал эрхэлсэн дэд нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Жон Басс байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр Ази, Европ төдийгүй Ойрхи Дорнодын бодлогыг удирддаг том албыг хашиж байсан аж.

Нэг эх сурвалжийн хэлснээр, Ерөнхийлөгч Трампын шилжилтийн баг Төрийн департаментын бүх дэд нарийн бичгийн дарга болон туслах нарийн бичгийн дарга буюу үндсэндээ Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх хоёр давхаргын албан тушаалтнуудыг огцрохыг хүссэн байна. Үүнээс гадна, тус агентлагийн ажиллах хүч, дотоод зохицуулалтыг хянадаг өөр гурван өндөр албан тушаалтай дипломатчийг ажлаас нь чөлөөлж байгааг “Ройтерс” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп ийнхүү шинэ гадаад бодлого, дипломат корпусаа бүрдүүлэхээр хурдацтай арга хэмжээ авч, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио шийдэмгий хөдөлж эхэлснээр АНУ-ын Төрийн департаментын халаа сэлгээ үргэлжилж, удахгүй гадаадад суугаа Элчин сайдуудаа ч солих биз. Үүнийг дагаад гадаад орнууд ч АНУ-д суугаа Элчингээ сольдог жишиг байдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн департаментын бодлого тодорхойлогч өмнөх хүмүүстэй ажиллаж байсан Элчин сайдуудаа эгүүлэн дуудаж, шинэ хүн явуулдаг гэсэн үг. Манай улс ч АНУ-д суугаа Элчин сайдаа солих нь зүй ёсны хэрэг юм.

Эх сурвалж: The New York Times, Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 цагийн өмнө
116.206.83.106

Ардчилсан үзэлт Эрдэнэ очдог нь зөв болжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.