Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халихаас сэргийлэн ажиллаж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалттай нэгдүгээр сувагт 2 ачааны машин, 2 экскаватор, нэмэлт 3 машин механизмтайгаар суваг татах ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарсан учраас усны түвшин нэмэгдэж, урсгал нь хурдассан. Тиймээс халиа тошин ихээр үүссэн хэсэгт суваг татаж, мөсийг цэвэрлэж, зөөж, далан босгож байна. “Ногоон нуур” орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлснээр айл өрх халиа тошинд өртөх эрсдэл багассан ч энэхүү сувгийн доод хэсэгт орон сууцны хорооллууд байдаг учраас бид өдөр бүр халиа тошин халих болон хаврын шар усны үерээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
“Дэнжийн 1000”-ын нэгдүгээр сувагт техник орох боломжгүй байршилд ажилчид гар хөрөөгөөр цас, мөсийг хөрөөдөж, гарц гаргалгаа хийж байна. Мөн гүүрэн гарцыг дагасан 20 орчим метр том хэмжээний кабелийн утсыг зөвшөөрөлгүйгээр татсан нь ажил явуулахад хүндрэл үүсгэжээ. Яг гүүрэн доорх хаалттай хэсэгт агааргүйдэх эрсдэлтэй, битүү орчинтой учраас харагдах орчин хязгаарлагдмал, ажилчид ээлжлэн орж ажиллахаас өөр боломжгүй, мөн дээр дурдсан цахилгааны кабелийг хөндөх эрсдэлтэй учраас суваг, гарц, гарам гаргахад хүнд нөхцөлд ГУББГ-аас ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.