Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх анхдагч хууль болон бусад 17 дагалдах хуульд өөрчлөлт оруулах Авлигын багц хуулийг өргөн барих шийдвэрийг гаргажээ.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-Албан тушаалтан төрийн эрх мэдэлтнүүд хөлжиж, хөрөнгөтэй байдаг. Үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал их байдаг. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс гурван ч удаа өршөөлийн хууль баталсан. Үүний хоёрт нь албан тушаалтнуудыг бүтэн хамруулсан бол нэгд нь хэсэгчилж хамруулсан байдаг. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тухайн үед улсын төсөв 6 их наяд төгрөг байсан. Өнгөрсөн жилүүдэд албан тушаалтнуудын хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн. Үүний шалтгаан нь хууль эрхзүйн орчинд байсан.
Монгол Улсад шударга бусаар хэн ч хөрөнгөжиж болохгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжих ёсгүй гэсэн энэ Үндсэн хуулийн үзэл санаанд тулгуурлаж Засгийн газраас нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх анхдагч хууль болон бусад 17 дагалдах хуульд өөрчлөлт оруулах Авлигын багц хуулийг өргөн барьж байна. УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргалаа.
Хувь хүнтэй холбоотой асуудлыг ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд асар олон хүн авлигын өршөөлд хамрагдсан. Торгуулж, ял шийтгэлгүй гарсан. Эдгээр этгээдүүдийн хувьдаа завшсан. Төрөөс хулгайлсан мөнгөнүүд бүгд өөрсдийн өмчлөлд үлддэг. Тэгвэл одоо авлигын гэмт хэрэг үйлдсэн эсэхээс үл шалтгаалж, нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгийг тайлбарлаж чадахгүй , хөрөнгө нь хууль бус гэх үндэслэл илрэх юм бол хурааж авах эрхзүйн үндсийг Монгол Улс тогтоож байгаа юм. Авлигын эсрэг хууль байдаг ч процесс байдаггүй. Хэн хурааж, хураасан хөрөнгөө яах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Харин одоо өргөн барьж байгаа хууль хэрэгжээд эхэлбэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээ эхлээд шалгая гэж байгаа.
Энэ хууль дээр маш их эсэргүүцэл ирнэ. Энэ хуулиар үнэхээр авлига хээл хахууль авч, албан тушаалаа урвуулсан бол Эрүүгийн хуулиар хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ авлигын хамгийн том шийтгэл нь хөрөнгө хураах явдал байдаг. Хөрөнгийнхөө үр шимийг хүртээд хичнээн тэрбум төгрөгтэй болчихоод маш бага ял авахын эсрэг л хууль.
Хувь хүний өмч, хувийн компаниудын хөрөнгийг хураах гэж байгаа гэдэг гүтгэлэг явж байна. Тийм зүйл огт байхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан тушаалаа урвуулан ашиглаагүй л бол танд энэ хууль хамаагүй гэдгийг ойлго. 23 жилийн үйл ажиллагаа энэ хуульд хамрагдана. Их хэмжээний цаг хугацаа шаардагдана.
Түүнчлэн авлига, хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчийн мэдээлэл байгаа бол түүнийгээ мэдээлж, урамшуулал авах боломжтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв хууль бна. Заавал батлуулан хэрэгжүүлээрэй .Хөрөнгөжсөн хүмүүсийн. Нэрийг нэрлэн хөрөнгийг нь хурааж улсын орлого болгон өндөр настны хувьцааны мөнгийг засгийн газар өгөх хэрэгтэй шүү..Ажлын амжилт хүсъе.